Чэжү арлын уулархаг хэсгээр золбин ноход элбэгшиж, уулчид, жуулчид руу дайрч урж зуух аюултай болсныг Солонгосын хэвлэлээр мэдээлжээ. Судалгаагаар амралт зугаалгын бүс аралд эзэддээ хаягдсан 2000 гаруй золбин нохой зэрлэгшсэн байна. Чэжү арлын үндэсний их сургуулийн зэрлэг амьтан хамгаалах төвийн мэдээлснээр энэ сарын 15-ны байдлаар нийт 2168 золбин нохой тоологджээ. Эзэндээ хаягдсан ноход ууланд амьдрахын тулд зэрлэгшин, үржилд орсноор ийнхүү тоо толгой нь огцом нэмэгдсэн байна.
Улмаар золбин ноход арлын тахиа, шувуу, мал амьтдыг барих нь ч нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард зургаан золбин нохой гурван тугал барьсан байна. 2018-2020 оны хооронд 700 тахиа, 170 нугас, есөн үхэр, таван тугал, нэг унага золбин нохдод бариулжээ. Ийнхүү Чэжү арлын захиргаанаас арга хэмжээ авч, золбин нохой барих хавхуудыг суурилуулж эхэлсэн байна. Хавхны тусламжтайгаар 93 нохойг барьж, амьтны эрхийг хамгаалах төвүүдэд хүргэжээ.