Хуулийн байгууллагын шинэчлэлийн зарим асуудал мөн нийгэмд шуугиан тарьж байсан зарим хэргийн талаар ноцтой баримтуудыг өгүүлсэн Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой хийсэн ярилцлагыг хүргэж байна
-Та саяхан хуулийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар TV9 телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр орж нэлээн анхаарал татсан асуудлыг хөндөж ярьсан. Хуулийн байгууллагын шинэчлэл ямар хэмжээнд явагдаж байна гэж үздэг вэ?
- Хууль эрх зүйн шинэчлэл, түүний дотор хуулийн байгууллагуудын шинэчлэлийн асуудлаар сүүлийн жилүүдэд их ярьж байна. Авч байгаа арга хэмжээ байгаа л байх. Ялангуяа, шүүгчдийн цалин хөлсийг нэмэх дорвитой арга хэмжээ авсан нь сайн хэрэг. Шүүгчид ямар их ачаалалтайг хүн мэдэхгүй. Гэвч хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд нийгмийн зүгээс их шүүмжлэлтэй хандах болчихож. Энэ нь зарим нэгэн хэрэг буруу зөрүү, шударга ёсны үүднээс шийдвэрлэгдэхгүй байгаатай холбоотой.
Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны удирдлага болсон хуулиудыг сайн гаргахад хууль тогтоогч Улсын Их Хурал анхаармаар байна. УИХ-ын гишүүдийн энэ асуудлын мэдлэг чадвараас ч их шалтгаалдаг бололтой.
-Та Хяналтын шатны шүүхийг онцолж яриад байсан?
- “Хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн хөндсөн асуудал Хяналтын шатны шүүхийн тухай байсан учраас өөрийн бодол саналыг тодорхой хэлсэн. Аливаа хэрэг маргааны талаар Анхан шатны шүүхийн шийдвэр Давах шатны шүүхээр хэвээр батлагдсан нөхцөлд дахин гомдол гарвал Хяналтын шатны шүүх авч хэлэлцэхгүй байх тухай хуулийг Улсын Их Хурал гаргах гээд байгаа юм уу даа. Энэ үнэхээр болохгүй. Монгол Улсын шүүхийн тогтолцооны салшгүй нэг хэсэг болсон Хяналтын шатны шүүхийн үйл ажиллагааг ингэж хязгаарлаж болохгүй. Хяналтын шатны шүүх яагаад байдаг, байх ёстой юм. Хэрэг маргааныг үнэн мөнөөр хууль зүйн дагуу шийдвэрлэхэд л шүүхийн үндсэн зорилго нь оршино. Анхан болон Давах шатаар хэвээр батлагдсан ч гэсэн гомдол өргөдлийг Хяналтын шатны шүүх хэдэн ч удаа хянаж үзэж болно. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, тогтоол шийдвэрүүд үндэслэлтэй гэсэн ч гомдол гарсаар байсан тул Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр дөрвөн удаа орж байж цагаадсан хүний хэрэг бий шүү дээ. Энэ мэтээр хянагдаж үнэнээр шийдэгдэж, эрх нь сэргээгдсэн “Эмч нарын хэрэг”, “Лагийн хэрэг”, “Дугархорлоо гэгч хүн нас барсан хэрэг”, “Хайрцагийн хэрэг” гээд өдий төдий хэрэг гагцхүү Хяналтын шатны шүүхээр орж дахин дахин хэлэлцэгдэж байж л үнэнээр шийдэгдсэн практик бий шүү дээ.Анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрсөн өргөдөл гомдол гарвал Давж заалдах шатны шүүх нэг л удаа авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тогтоолыг авч үздэг ганцхан удаагийн эрх нь байгаа. Харин Хяналтын шатны шүүх бол хэдэн ч удаа авч хэлэлцэх хуулийн боломж нь байгаа. Хэрэв анхан болон давахын шүүх үнэхээр буруу шийдвэр гаргаад адил шийдвэр гаргачихвал авч хэлэлцэхгүй юм уу. Болохгүй шүү дээ. Хяналтын шатны шүүхийн хэрэг хянах эрх, боломжийг үгүй болговол ямар үр дагавар гарахыг хууль тогтоогчид онцгой анхаармаар байгаа юм.
Манай Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргасан Анхан болон Давах шатны шүүхийнхээ шийдвэрийг ямар ч хамаагүй аргаар хамгаалаад, дахин авч үзэж хянах үндэслэл, баримтыг авч үзэхгүй, үзэхийг ч хүсдэггүй явдал байна. Энд л гомдол гаргагчид, хохирсон иргэд, асуудлаа дахин хянуулахыг хүсэж байгаа хүмүүс ёстой л “хад мөргөж” байна. “Таны хэрэг батлагдсан байна. Дахин хянахгүй” гээд л захын ажилтан нь хариу өгдөг. Энд л хүний эрх хамгаалагдаж чадахгүй байна.
-Тодорхой жишээ дурдаж болох уу?
-Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй тодорхой нэг хэргийн жишээн дээр яръя. “Ашигт малтмалын хэрэг” гэж улс орон даяар шуугиж, урьд хожид гарч байгаагүй аймшигтай том хэрэг гарсан тухай өдөр болгон хэвлэлд бичигдэж байсныг санаж байна уу. “Говь Сэндс” компаниас хахууль авсан гэж Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Кадастрын газрын дарга Л.Даваацогт, бизнес эрхлэгч Бат-Ирээдүй гэсэн гурван хүнийг шийтгэсэн. Энэ гурван хүн одоог хүртэл гомдолтой байдаг. Яагаад гэвэл хээл хахууль өгсөн гэх иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Лав л хавтас хэрэгт нь энэ тухай нэг ч баримт байхгүй. Хээл хахууль авсан гэж буруутгаж байгаа бол өгсөн нь тодорхой, хэдэн төгрөгийн хахууль авсан мөнгөн дүн тодорхой, би, бид ийм хахууль өгсөн гэсэн хахууль өгөгчийн мэдүүлэг байх ёстой биз дээ. Гэтэл юу ч байхгүй. Зүгээр л “хээл хахууль авсан “ гээд л тулгаад шийтгэчихсэн.
Энэ гурван хүнд холбогдох хэргээс хоёр хэргийг тусгаарласан байдаг. Нэг нь АНУ-ын иргэн Ж. Капла нарт холбогдох хэрэг. Өнөөх 34 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн асуудлаар шийтгэгдсэн хүн шүү дээ. Ж.Капла бол “Говь Сэндс”ХХК-ийн ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл, хээл хахууль өгсөн байх албан тушаалтан шүү дээ. Гэтэл энэ хэрэгтэй хамтруулан шийтгэх биш, хэргийг тусгаарлаад “Албан татвараас онц их хэмжээгээр зайлсхийсэн хэрэг”-т холбогдуулан ял шийтгээд, шүүхийн тогтоол гарсны дараа сар хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгч өршөөл үзүүлээд АНУ руу нь явуулчихсан. Өнөө шүүхийн тогтоосон 34 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөөгүй, ял завшаад л өнгөрсөн. Д.Батхуяг нарын хэрэгт Капла гэгчийг нэг ч удаа асуугаагүй байдаг.
Нөгөө нэг хэрэг бол АНУ-ын иргэн Бартел Дэвид Линд холбогдох хэрэг. Яагаад тусгаарласан нь тодорхойгүй. Бас Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт Бартел гэгчийг байцаасан, асууж нүүрэлдүүлсэн нэг ч материал байхгүй. Бартел “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан хүн. Батхуяг нарыг “Саусгоби Сэндс” ХХК-аас хээл хахууль авсан гэж байгаа бол энэ Бартел гэгч тэр хахуулийг өгсөн бол асуудал нь шүүх дээр яригдах ёстой. Гэтэл Бартел гэгчийн хэргийг тусгаарлаад, 2017 оны есдүгээр сарын 12-ны өдөр хэргийг хаах тогтоол гаргасан. Энэ тогтоолд “АНУ-ын иргэн Bartel David Lynn нь “Саусгоби Сэндс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа... Д.Батхуягт хээл хахууль өгсөн гэмт хэргийг мөн 2007-2011 онд татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө бусад зүйлийг нуусан, тэдгээрийн тоо хэмжээг санаатайгаар бууруулан мэдээлсэн, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, санхүүгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. ... Яллагдагчаар татагдвал зохих этгээд болох Bartel David Lynn-ий эрх зүйн байдлыг дээрдүүлж, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. ...Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш долоон жилийн хугацаа өнгөрсөн. ...Уг хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гээд хаасугай гэсэн байна.Тэгвэл авлига хээл хахууль авсан, өгсөн үйлдэл нэг л цаг хугацаанд зэрэгцэн явагддаг биз дээ. Бартелийн хувьд дээрх шалтгаануудаар хэргийг хааж болдог юм бол Д.Батхуяг нарын Монгол Улсын иргэдэд энэ дурдаад байгаа үндэслэл яагаад хамаарахгүй байна вэ. Хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолд бүр ч сонин зүйл тэмдэглэгдсэн байгаа. АНУ-ын иргэн “Саусгоби Сэндс” ХХК-ийн захирал Бартелыг сэжигтнээр тооцох тогтоол үйлдсэн боловч Мөрдөн байцаагчийн тэмдэглэлд Бартелыг сэжигтнээр тооцсон талаар түүнд мэдэгдэх гэхэд хилээр нэвтэрсэн болохыг тэмдэглэж, энэ нь ХХЕГ-ын албан бичгээр нотлогдсон болохыг дурдсугай гэжээ. Өөрөөр хэлбэл, “Саусгоби Сэндс”-ийн нөхдийг энэ хэрэгт холбогдуулан шалгах сонирхол анхнаасаа байгаагүй. Зөвхөн Д.Батхуяг нарыг “хээл хахууль авсан”-аар тулгаж шийтгэх эцсийн сонирхол байсныг харуулж байна. Иймийн тулд ч энэ хүмүүсийн хэргийг тусгаарласнаас харагдаж байна.
Д.Батхуяг нар “Бидэнд хэн хахууль өгсөн юм. Нүүрэлдмээр байна. Тэр хүмүүсийн чинь нүүрийг харъя “ гэж шүүх хурал дээр хэлж байсан. Энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Үүний улмаас жирийн нэгэн бизнесмэн залуу Ш.Бат-Ирээдүй их хохирч яваа юм билээ. Уг нь хохиролгүй хэрэг шүү дээ. Ялын төлөвлөгөөнд ч энэ тухай дурдаагүй, анхан шатны шүүх дээр ч хохирлын тухай яриагүй. Гэтэл Давж заалдах шатны шүүгч Сарантуяа “ ... чамаар 4.5 тэрбум төгрөг төлүүлнэ” гээд л алхаа цохичихсон. Юун төлбөр, хаанаас гарч ирсэн, хэнд ямар үйлдлээр учирсан нь огтын тодорхойгүй. Ер нь энэ “Ашигт малтмалын ...” гэх хэрэг нэлээн “дээрээс” захиалгатай, шууд хэлэхэд ҮАБЗ оролцсон хэрэг гэдэг нь харагддаг.
-ҮАБЗ оролцсон гэж юу гэсэн үг вэ?
-Мөрдөн байцаалтын шатанд Д.Батхуяг нар гэмт хэрэг үйлдээгүй талаараа олон удаа мэдүүлж, яагаад ингэж заавал хэрэгтэн болгох гээд байгаа тухай хэлж ярихад, мөрдөн байцаагч болон хяналт тавьж байсан прокурор нь дээшээ хуруугаараа зааж, “дээрээс үүрэг даалгавартай учраас яаж ч болохгүй байна” гэж шууд хэлж байсан. ҮАБЗ нэлээн гүнзгий оролцсон байдал харагддаг. Миний харж байгаагаар ҮАБЗ энэ хэрэгт идэвхтэй оролцсоны цаад сонирхол бол ашигт малтмалын лицензийг булааж авах, дахин хуваарилах явдал байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн.
600 лицензийг хууль бусаар бусдад өгсөн гэж яриад байсан. Ийм юм ч байгаагүй л юм билээ. Гэтэл хэргийн шийдвэрлэлийн дараа бараг бүх лицензийг буцаагаад өгчихсөн байдаг. Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт ҮАБЗ хохирогчоор тогтоосон байдаг юм. Шүүх хуралдаанд ҮАБЗ-ийн төлөөлөгч гэж хүн оролцсон. Энэ хүн нь “Үзэл баримтлалын хохирол” учирсан гээд л зогсож байдаг. Бас ҮАБЗ-ийн шинжээчийн гэж дүгнэлт гаргасан байдаг. Их хүч тавьсан байгаа биз. Өмнө нь эрүүгийн хэрэгт ингэж ҮАБЗ анхаарсан явдлыг би сонсож харж байгаагүй.
-Бартел гэгчийн хэргийг шийдвэрлэсэн үү?
-Үгүй. Хэрэг бүртгэлийн ажиллагааг хаачихсан. Бартелд холбогдох хэргийн ажиллагааг хаасан тухай материалыг энэ гурван хүнд үзүүлдэггүй юм. Хэргийн материалтай танилцъя, Бартел юу гэж мэдүүлж байсныг үзье гэж их хөөцөлдсөн. Үгүй юм билээ.
-Хэргийг нь үзүүлдэггүй юм гэлээ. Энэ гурван хүн чинь Бартел гэгчээс хахууль авсан гэж яллагдаж шүүгдсэн биз дээ?
-Нийслэлийн прокурорын газар Бартелд холбогдох, тэр хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан хэрэгтэй танилцах гэж энэ гурван хүн мөн ч их явж байгаа. Яагаад гэвэл Бартел гэгч чинь энэ “Ашигт малтмалын хэрэг” гэгчид холбогдсон Монгол Улсын гурван иргэнд хахууль өгсөн гэх “Саусгоби Сэндс” ХХК-ийн захирал шүү дээ. НПГ тогтоолдоо “Д.Батхуяг нарт хээл хахууль өгсөн хэргийг ... үйлдсэн болох нь тогтоогдож байна” гээд биччихсэн байгааг дээр хэлсэн. Хэргийг танилцах гэсэн хүсэлтэд дандаа татгалзсан хариуг НПГ, УЕПГ өгч байна.
-Та “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт орохдоо “Шүүх хуулийн байгууллагууд хараат бусаар ажиллах цаг ирэхэд, төрийн өндөр албан тушаалтнууд шүүх, хуулийн байгууллагад нөлөөлдөггүй цаг ирэхэд олон хэрэг дахин хянагдаж, шударга үнэн тогтоогдоно шүү” гэж хэлсэн?
-Өнөөдөр шүүх, хуулийн байгууллага хараат бусаар ажиллаж чадахгүй байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн байгууллагуудад нөлөөлж, шударга шийдвэр гаргахад нь саад болж байна. Энэ бүх нөлөөлөл, хараат байлгах сонирхол арилах цаг ирнэ биз ээ. Тэр үед олон хэрэг дахин хянагдах байх. Эдгээр хэргийн тоонд “Ашигт малтмалын ...” гэх хэргийг би нэрлэнэ. Харин тэр цагт хэргийг хянах Хяналтын шатны шүүхгүй болгочих гээд байгаа бодлоготой үйл ажиллагаа явагдаад эхэлчихэв үү гэж хардаж байна. Би үүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг үүдэн гарахын өмнө болон дараа бий болгосон нөхцөл байдалтай адилтгаж хэлмээр байна. Энэ ноцтой хэрэг гарахын өмнөхөн Эрүүгийн цагдаагийн Онц гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг татан буулгасан. Хэрэг гарсны дараа Тагнуулын байгууллагын дэргэд байгуулагдсан, туршлагатай мөрдөгчид Жамьянсэнгээ, Базаргүр,Төрмандах, Батбаяр нараас бүрдсэн Ажлын хэсгийг дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу татан буулгасан шүү дээ. Тэгээд л хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удааширсан, зарим тодорхой асуудалд одоог хүртэл хариу өгөхгүй байгаа биз дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин