Английн Shropshire Star-д мэдээлснээр 2016 онд Саймон Жордан гэдэг гал сөнөөгч эр шүүхийн шийдвэрээр урьд нь үеэрхэж байсан сувилагч эмэгтэйд хүүхдийн мөнгө төлөх болсон. Тухайн үед тэрээр эмэгтэйн хүүхдийг өөрийн хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч төлөхгүй явсаар хуримтлагдсан мөнгө нь 16 мянган фунт буюу бараг тавин сая төгрөг болжээ. Мөнгөний хэмжээ ихэссэнд гал сөнөөгч эр төлөхгүйн тулд эцсийн арга хэрэглэж эцэг тогтоолгох шинжилгээ хийх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтийг хүлээн авсан байна. Гайхалтай нь шинжилгээгээр хүүхэд гал сөнөөгчийх биш хэмээн гарч сувилагч эмэгтэйг цочирдуулжээ. Түүний шаардлагаар цагдаагийн хяналт дор давтан шинжилгээ хийхэд хүүхэд Саймоных мөн гэдэг нь батлагдсан аж. Ингээд түүнд хууран мэхлэсэн хэмээн хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтаар сэргэлэн гал сөнөөгч эцэг тогтоох шинжилгээнд өөрийнхөө бус харин найз Жэйсон Ли Коулзын сорьцыг, зургийх нь хамт явуулсан нь тогтоогджээ. Саяхан энэ хэргийн шүүх хурал болж гал сөнөөгчийг 18 сар хорьж 200 цаг албадан ажил хийх ял оноосон. Мөн сувилагч эмэгтэйд хүүхдийн мөнгөө бүтнээр нь төлөхөөс гадна шүүхийн зардал болох хоёр мянган фунт буюу зургаан сая төгрөгийг гаргуулахаар болжээ. Найздаа “тусалсан” Жэйсонг зургаан сар хорих, 180 цаг албадан хөдөлмөр хийх ялаар шийтгэсэн байна.