alim.mn | 2025.01.04
ЭМЯ-ны албан тушаалтнуудыг гэм буруутай гэж үзлээ

ЭМЯ-ны албан тушаалтан, мэргэжилтнүүдийн нийт 26 хүнд холбогдох хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр хоёр жил орчим болсон.

Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар байв.

Харин энэ долоо хоногт эл хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын албан тушаалтнуудыг гэм буруутай гэж үзлээ.

Улмаар эрүүгийн хариуцлага оноохоор үргэлжлүүлэн хуралдаж байна.

Энэ олон хүн холбогдсон авлигын хэргийг голлон толгойлсон нөхөдийн хэн нь хэн бэ.

Б.ЦОГТБААТАР Бямбаагийн Цогтбаатар. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллахаар яригдаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, батлуулахаар бүр тохирчихсон талаар тухайн үед албан эх сурвалжууд батлан мэдээлж байв.

Гэтэл Засгийн газрын гишүүд томилох чуулганы хуралдааны үеэр Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан орж ирсэн нь тухайн үед олны гайхшрал төрүүлж байсан юм. Учир нь сайд болгохоор нэгэнт ярьж тохирсон байсан хүнээ гэнэт өөрчлөөд оруулж ирсний цаад шалтгаан нууц байв.

Гэтэл тэр нууц нь авлигын хэрэг байж. АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр түүний Эрүүл мэнд ийн сайд болох шаанс үгүй болсон юм. Одоо тэрбээр НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж буй.

Түүнийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шүүж буй. Тэрбээр ЭМЯ-ны тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг түрүүлж боловсруулах ажлыг шинжээч Ү.Отгонбаатарт даатгаж, улмаар тус компаниуд нь тендерээ хаалтгүй авдаг байсан гэх хэрэг юм.

САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛИЙН ТУСЛАХ ЭМЯ-ны газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг. Түүнийг энэ сарын 26-нд шүүх хурал болох үхртэл цагдан хориод байна. Батлан даалтад гадуур шүүгдэж байсан түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралд ирээгүй тул дараагийн удаа шүүх хуралд ирүүлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.

Б.Болорчимэг ЭМЯ-нд анх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байжээ. Улмаар сайдынхаа дэмжлэг авч  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон гэдэг.

Тэрбээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамтай хамтарч тендерийн материал өгсөн компаниудыг хясан боогдууж, авлига авдаг байсан гэх хэрэгт холбогдсон. Улмаар аргаа барсан аж ахуй нэгжүүд ажлаа бүтээхийн төлөө хахууль өгдөг байсан гэх.

ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ АСАНЫ ОХИН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам хуульч хүний охин. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжав түүний аав.

Тиймдээ ч хэрэг нь шүүхийн шатанд ийн удааширч, улмаар цагдан хоригдохгүй батлан даалтаар гадуур шалгуулж буйг аавынх нь нөлөө орсон байж мэднэ гэж хардах үндэслэл болдог. Аж ахуйн нэгжүүд Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас тусгай зөвшөөрөл авахын тулд 15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь АТГ-ын шалгалтын явцад тогтоогдсон гэдэг.

“Miss Mongolia-2008” тэмцээний дэд байранд орж олон улсын тэмцээнд явж байсан бүсгүй юм. Улмаар сургууль төгссөн даруйдаа буюу 2015 онд Г.Шийлэгдамба агсныг сайдаар ажиллаж байх үед анх Эрүүл мэндийн яаманд ажилд орж байсан намтартай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ