Саяхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы 61 хуралдаанд таслалгүй оролцсон хэмээн 550 сая төгрөгийн үнэтэй “Соёмбо тэмдэгээр шагнуулж ажлаа таслаагүй хэмээн шагнуулсан анхны төрийн албан хаагч болсон. Тэгвэл хөдөө орон нутгаас энэхүү “номинаци”-д тодрогсод нь мэдээж Булганаас гарчээ. Тус аймгийн ИТХ-ын арван тэргүүлэгчийн ес нь хуралдаан таслаагүй, мөн идэвхтэй оролцсон хэмээн нийт 3,2 сая төгрөгөөр шагнуулжээ. Үлдсэн нэг тэргүүлэгч болох ИТХын дарга Д.Эрдэнэбат урамшуулал аваагүй нь бодвол хуралдаан тасалсан эсвэл хуралд идэвхгүй оролцсоных байж магад. Тэргүүлэгч Д.Оюунбилэг “хуралдаанд тасралтгүй оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн” хэмээн урамшуулагдсан бол тэргүүлэгч А.Сод-Эрдэнэ “хуралд идэвхтэй сайн оролцсон”-оос гадна “хэлэлцэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргасан” маргашгүй гавьяатай аж. Бусад тэргүүлэгчид ч “гавьяа” байгуулжээ. П.Оюунцэцэг нэгдсэн эмнэлгийн албан хаагчидад ИТХ-ын шийдвэрийг өөрийн биеэр танилцуулж суурталчилжээ. М.Бадам давхардсан тоогоор 800 гаруй уулзалт хийсэн нь бараг дээд амжилт юм байх. П.Лхагва-Очир түүнээс хамаагүй бага буюу ердөө 300-хан хүнтэй уулзсан ч урамшуулалд хамрагджээ. Тэргүүлэгчид энэ мэт “гавьяа”-ны учир шагнуулсанаас гадна зургаахан хоногийн дараа өөрсөддөө бас 3,9 сая төгрөгөөр хүндэтгэл үзүүлсэн байна.