alim.mn | 2024.12.22
Улаанбаатар хотын нэгэн томоохон асуудал болох утаа

Түүхий нүүрс хэрэглэж байсан жилүүдтэй харьцуулахад утаа бага зэрэг буурсан. Гэтэл сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн ч сүүлийн хоёр гурван жилд нийслэл Улаанбаатар хотод утаа, агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Гэвч цагаан утаа өмнөхөөсөө илүү хорт бодис ялгаруулж байна. 2019 оноос эхлэн шахмал түлшний хэрэглээ эхэлсэн, түүнээс хойш автомашин, айл өрх зэрэг Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн тоо тогтмол нэмэгдэж байгааг Агаар бохирдуулахтай тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэллээ. Түүнчлэн энэ оны арваннэгдүгээр сард тээврийн хэрэгслийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөний 70 хувь нь дизель болон бензин хөдөлгүүртэй, 80 хувь нь арав гаруй жилийн насжилттай байгаа аж.

  • ИРГЭН: Б.ГОНГОР:

Шахмал түлж үнс их гаргана. Тортог ихтэй. Хоолой ам сэрвэгнэнэ. Хуурайшил үүсгээд байдаг. Түүхий нүүрс шиг хар утаагүй, цагаан утаатай. Тэр нь тоосонцор үүсгээд байгаа юм шиг байгаа юм. Яндангаа хөөлөхөд хөө тортог маш их гардаг. Гэрийн цагаан бүрээс дээр хөө тортог маш их буусан харагддаг.

  • ИРГЭН: Б.ЖАВЗАН:

Утаа бууруулах гээд хоёр, гурван жилийн өмнөөс шахмал хэрэглүүлж эхэлсэн. Түүнээс хойш байнга хэрэглэж байна. Утаа, агаарын бохирдол бууруулна гээд шахмал түлш түлтэл энэ нь маш их цагаан утаа гаргадаг. Тэр нь байгалаар нэг тоосонцор үүсгээд байна. Тийм учраас өглөө, оройд айлууд түлшээ түлэх цагаар хоолой маш их аргаж, хорсдог. Түүхий нүүрс түлж байх үед маш их хар утаатай байдаг байсан. Шахмал түлш түлснээр цагаан утаа гарч, тэр утаа нь маш их хортой байна гэж би иргэн хүний хувьд бодож явдаг.

  • АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ПҮРЭВСҮРЭН:

2019 оноос анх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Түүнээс хойш Удаанбаатар хотод агаар бохирдуулагч эх үүсвэр буюу автомашин, айл өрхийн тоо тогтмол өсөлттэй байсан. Хоёрхон тоо хэлэхэд 2021 он гарснаас хойш нийслэлд түр суурьжиж ирсэн айл өрхийн тоо 20 мянга байна. Ямар нэг хаягийн шилжилт хийгээгүй. Нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд шүү дээ. Авто тээврийн хэрэгслийн энэ оны 11 дүгээр сарын тоон мэдээллийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн. Үүний 70 хувь нь дизель, бензин хөдөлгүүртэй. 80 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна. Гурав дахь асуудал нь иргэд шахмал түлшийг зориулалтын, стандарт зууханд түлж чадаж байна уу. Стандарт бус зууханд түлж буй байдал нийтлэг ажиглагдаж байгаа учраас энэ нь агаарын бохирдол нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.   

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ