“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёр дугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан.
Тус зээлийн гэрээгээр 2018 оны арван хоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан хэдий ч “Кью Эс Си” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар ирсэн. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан. Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, 3 шатны шүүхэд тухай бүр Хяналтын журмаар гомдол гарган ажилласан.
Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Кью Эс Си” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192,572,187,590.244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий байгууллагуудыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид шүүхэд хандаж хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн ажиллах болно.