-Оюутолгой болон Дубайн гэрээний талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. Үүнийг дагасан улстөржилт ч их байгаа. Энэ талаар хамгийн сайн мэдэх хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Дубайн гэрээ гэхээсээ өмнө Оюутолгойг эхлээд ярих ёстой. Тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө зиндааг буулгаж, хувийн компанитай гэрээ байгуулсан. “Айвенхоу майнз” болон “Рио Тинто” зэрэг хувийн компаниуд бол оффшор данстай дэлхийд нэр хүнд нь барагдсан газрууд байсан шүү дээ. Хаа явсан газраасаа хөөгдөж явсан компанитай Монголын Засгийн газар анхны гэрээгээ байгуулсан үйл явдал нь үнэхээр харамсмаар санагддаг. Тухайлбал, Засгийн газар Засгийн газартайгаа гэрээ байгуулсан бол хариуцлагаа Засгийн газар нь хүлээх ёстой. Оффшор дансаар санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг аль ч улсын харьяалалтай нь тодорхойгүй компанитай гэрээ байгуулсан. Тэр ч байтугай харьяаллын хориод охин компани байгуулаад, алинтай нь юу ярих нь тодорхойгүй болгож орхисон. Тухайн үед Оюутолгойн гэрээг буруу гэдгийг хэлж байгаа. Би 2003 онд энэ талаар ярьж байсан юм. Оюутолгойн гэрээг батлавал Монгол Улс биш “Айвенхоу майнз”-ын Монгол Улс болох нь гэдгийг хэлж байсан. Энэ бол гайхамшигтай орд юмсан. Оюутолгойн ордын судалгааг миний бие 1963 онд сургууль төгсөж ирээд хийсэн. Монголын ашигт малтмалуудын мэдээллийг авсан. Тухайн үеийн ЗХУ-ын геологичдын мэдээлэл шүү дээ. Бүгдийг нь судалсан. Тэр үед том орд газар Монголд нээгээгүй байлаа.
-Тэр үед дэлхийд данстай гэхээс илүүтэй том орд гэдэг ойлголтыг тодорхойлох шаардлага бий болсон уу?
-Тийм ээ. Улс орныг хөгжлийг өөд нь татагч, манлайлах үйлдвэр гэж бий. Тэр манлайлах үйлдвэрийн гол агуулга нь юу байх вэ гэхээр зуугаас дээш жил тасралтгүй нөөцөөр хангагдах орд газрыг хэлдэг. Ийм үйлдвэр нөөц дуусахад яах вэ гэдгээ шийдсэн байх ёстой. Тухайлбал, манай улсын хувьд манлайлах үйлдвэр нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц 100 жилийн дараа дуусчээ. Нийтдээ 140-150 жил ажиллажээ. Тэгээд яах вэ. Үйлдвэрийг хаахаас өөр асуудал байхгүй гэдэг зүйлийг ярина. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн материаллаг баазыг бэхжүүлсэн байх ёстой юм. Энэ чиглэлээр эрдэмтэд, металлургууд, бүтээн байгуулалтын инженерүүд гайхамшигтай ажиллаж байгаа. “Эрдэнэт”-ийн нөөц дуусаад, орд хаагдахад Монголын металлургуудын машин байгууламжийн үйлдвэрийн төв ирээдүйд үлдэнэ. Тэд 1000 жил ажиллах болно. Ийм үйлдвэрийг монголчууд хийх ёстой. Харин Оюутолгойн ордын нөөцийг баримжаалж хэлбэл, 40 ширхэг Бороогийн орд, мөн тооны Бороогийн алтны үйлдвэр, найман Эрдэнэттэй тэнцэнэ. Агуулга бүгд асар өндөр. Дээр нь Оюутолгойн ордын баяжмал дотор зэс, мөнгө, алт, молибден нь үндсэн дөрвөн элемент нь юм. Түүнээс гадна цагаан тугалга, вольфрам, цайр, хар тугалга агуулагдсан баяжмалыг гаргадаг. Яаж гадны байгууллага хулгай хийж болдог юм бэ гэдэг нь технологитой байдаг. Тэгэхээр Оюутолгойн үйлдвэр бол ямар ч баяжмалыг тус тусад нь ялгалгүйгээр гаргаж байгаа. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр молибден, зэсийн баяжмалыг тус тусад нь ялгаж байгаа. Оюутолгойд бүх баяжмал нэг гарч байна. Ямар агуулгатай юу байгааг нь Геологийн төв лабораторийн инженерүүд тодорхойлоод, элементүүдийн агуулгыг гаргаад, хэвлэж тавьсан. Ийм аугаа орд дэлхийд байхгүй. Өнөөдөр Оюутолгой нөөц болон агуулгаараа дэлхийд номер нэг орд шүү дээ.
-2009 онд Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй гэдгийг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс хэлж байсан ч тусыг эс олсон шүү дээ?
-Үйлдвэр аж ахуйн газартай улс орон ийм гэрээ байгуулж хэрхэвч болдоггүй гэдгийг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хэлсээр, ярьсаар явна. Энэ талаар 16 жил ярьж байна. Нэг ч удаа үгэнд орж, зөв сэтгэж яваа хүн алга.
-Яагаад чихгүй юм шиг явсан юм бол?
-Бүгд авлига авсан. УИХ-ын гишүүд дотор ч авлига авсан хүмүүс нь байгаа.
-Та Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хэлж байна уу?
-Авлига нь урамшуулал нэртэй. Муу гэрээ байгуулж өгсөнд шагнал болгож өгсөн мөнгө шүү дээ. Тэр нь оффшор дансанд байна. Түүнийгээ аваад ирээч гэхээр эх орондоо авчрахгүй байгаа. Гэрээ байгуулах нь зүйтэй гэж УИХ 2006 онд санал тавьж, 2009 онд байгуулсан байдаг. 2009 онд гэрээ байгуулж болохгүй гэж нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байлаа. Хэн ч юу ч мэдэхгүй байна, салбараа хариуцсан мэргэжлийн удирдлага нь улс эх орноо авч явдаг. Түүнээс биш УИХ-ын гишүүн болгон ухаан ордоггүй юмаа гэдгийг санах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэхээр л улс ардын салбарын бүх аж ахуйг мэддэг хүн шиг болчих юм.
-Ашиггүйг нь мэдсээр байж өнөө хэр нь засаж, залруулах тухай ярихгүй явсаар шүүх шийдвэртэй тулсан байх юм. Үүний учир нь юу вэ?
-УИХ-ын гишүүд ийм гэрээ батлаад, Монгол орныг өрийн тулам болгосон. Энэ үйл ажиллагааг би хэвийн үзэгдэл гэж үзэхгүй. Ингэж хэлсний төлөө үзэн ядах хүн олон бий. Тэр дундаа УИХ-ын гишүүд дотор байгаа. Тиймээс Оюутолгойн гэрээнийхээ учрыг олж байж, дараа нь Дубайн төлөвлөгөөг ярих ёстой. Өнөөдөр монголчууд хэрхэн боолчилж байгаа жишээ Оюутолгойд бий. Одоохондоо мэдэгдэхгүй. Өнөөдөр бүх засварын газрын ажилчид 1380 метрийн гүнд тоостой орчинд ажиллаж байна. Ийм гүний уурхайд ингэж ажилласан олон хүн хүнд өвчнөөр нас бардаг. 10 жил хүрэхгүйгээр тэтгэвэрт гаргаж байна. Есөн жил гаруйхан хугацаанд ажилласан ажилчин уурхайн нэмэгдэл, тэтгэврээ авч чадахгүйд хүрдэг. Монголчууд газрын гүнд нь хэдэн төгрөгийн цалин илүү өгөөд боолчилж байна. Мөн орд холбогдсон манай металлургууд, уул уурхайн инженерүүд маш том дүгнэлт гаргасан. Энэ яагаад буруу юм бэ. Хуульд яагаад ингэж бичиж байгаа юм бэ гэдгийг хэлсэн, ярьсан. Харин үүнийг засаж, залруулъя гэх төр алга шүү дээ. УИХ-ын гишүүд авсан урамшуулалдаа цадаж, хувиа хичээсэн улстөрчид байгаа учраас ард түмнийхээ тусын тулд ямар нэгэн алхам хийхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр Оюутолгойн гэрээ болон Дубайн төлөвлөгөөний талаар мэргэжлийн хүмүүс дүгнэлтээ гаргачихаад байхад тэр асуудлыг хэлэлцэхийн оронд хаясан. Одоо энэ гэрээг сайжруулах асуудлыг ярих ёстой.
-Энэ парламент, Засгийн газар гэрээг өөрчилж чадах уу?
-Ард түмэн мэднэ шүү дээ. Засгийн газар УИХ-д найдлага тавьчихаад өдий олон жил болчихоод байхад бодит зүйлийг олж харсангүй. Болохгүй гээд яриад байхад болгоно гэж зүтгэдэг Засгийн газрыг яах юм бэ. Эцсийн эцэст Монголын ард түмэн дэлхийд гайхамшигт орд газраа хүнд ашиглуулсны төлөө өрөнд ороод хоцрох гэж байна. Өнөөдрийн засаг, төр автономит үеийн Засгийн газраас ухаан муутай ажиллаж байна. Богдын Засгийн газар “Монголаар нийгэмлэг”-ийг байгуулаад алтны татвараа бүтээгдэхүүнээр нь 19.7 хувийг авч байсан. Монгол Улс өнөөдөр 21 дүгээр зуунд орчихоод өөрийнхөө салбараа мэддэг инженерүүдээ хаячихаад хувийг ашиг сонирхлынхоо төлөө төрд ажилладаг хүнийг сонгочихоод ард түмний өмчийг эзэнгүйдүүлж байна. Адаг сүүлд нь УИХ Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Үндсэн хөрөнгөндөө бүртгэж болно хуульд тусгаж байна шүү дээ.
-Хуулиараа Оюутолгой “Айванхоу майнз” , “Рио Тинто”-гийн өмч гэсэн үг үү?
-Дэлхийн хөгжилтэй орнууд газрын гүнд байгаа ашигт малтмал хайгуул хийгээд нөөцөө тогтоосон үеэс үнэтэй. Ийм үнэлгээ хийдэг журмыг зарим улс нэвтрүүлсэн байна. Монголд үүнийг ярьж байгаа хүн алга. Мэдэж байгаа хүн байхгүй. АНУ, Европын орнууд хүлээн зөвшөөрч байна. Дубайн төлөвлөгөөнд манай нутаг дэвсгэр дээр хийж байгаа тээврээс замын хураамж авч байна уу. УИХ-ын гишүүд татвар, төлбөр, хураамж гурвыг ялгахгүй байна шүү дээ. АМНАТ-ийг авахгүй талаар ярьж байна. Дээр үеэс монголчууд 1900 оноос эхлээд “гоожин” хэмээх мод ашигласны төлбөрийг авдаг байсан. Ард түмний баялаг учраас төлбөр авдаг байжээ. Гэтэл ард түмний өмчийг нийтийнх гэдгийг УИХ зарлачихлаа. Нийтийн өмч гэдэг нь манай улсад ажиллаж байгаа байгууллага болон хүмүүсийн өмч гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нууц агуулга нь нийтийн өмч гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр заачихсан. Бараг дэлхий нийтийн өмч мөн гэж зарласантай ялгаагүй зүйл болсон. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс гэрээнүүдийг засаж, сайжруулах ёстой. Өөр арга байхгүй. Дэлхийн сонгомол менежмент бол “Эрдэнэт” үйлдвэр.
-Оюутолгойн гэрээг цуцалбал Монгол Улс дэлхийд ганцаардана. Дэлхийн том хөрөнгө оруулагчийг хөөснөөр үндэсний эрх ашиг хөндөгдөнө гэж Ц.Нямдорж сайд ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ц.Нямдоржийг өөрөө хариул гэж хэл. Таван удаа сайд хийхдээ үндэсний эрх ашиг болон газрын баялгийг Монголын ард түмний өмч гэдгийг мэдэж байсан юм уу гэдгийг өөрөөс нь асуу.
-Гэрээг цуцлах юм бол Сири, Иракийн араас Монгол Улсыг орно гэж тайлбарлаад байгаа?
-Бид Оюутолгойгүй байхдаа ч амьдарч байсан. Оюутолгойг өгснөөр гадны компанийн золиос болж байна. Надад хэлэх үг алга /толгой сэгсрэв/. Эзэнгүй төртэй заргалдах хүн алгадаа.
-Гарц, шийдэл нь юу вэ?
-Гэрээг сайжруулах ажлыг ярих ёстой. “Эрдэнэт”-ийн менежментийг судал. Үүнийг Оюутолгойн удирдлагууд хүлээж авах уу үгүй юу гэдгийг асуу. Авахгүй гэвэл баяртай гэж хэл. Бидэн ашигтай, хүлээж авна гэвэл ажлаа үргэлжлүүлж, гэрээгээ сайжруулахад анхаарах ёстой.
-Монголд Оюутолгой ашгаа өгөхгүй өр болгож, хувиргаад байгаагийн гол шалтгаан нь Дубайн төлөвлөгөө мөн үү?
-Дубайн гэрээгээр бүгдийг чөлөөлсөн шүү дээ.
-Бид хэнээс хариуцлага нэхэх юм бэ. Хэнд, хаана очиж гомдлоо барах юм бэ. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсээс үү?
-Хэн гэрээ байгуулсан тэднээс нэх. Тэр гэрээний урамшуулалд авсан мөнгөө авчир, хураалга. Өөр арга байхгүй. Бид аль болгон гуйлгачин явах юм бэ.
-Дубайн гэрээг цуцлахын тулд тухайн үед очиж гарсан зурсан бүх хүний санал нэгдэх ёстой. Тэгж байж гэрээ цуцлах асуудлыг ярина. Ямар атгаг төлөвлөгөөтэй хүн ийм хорон саналыг гаргаж ирдэг байна?
-Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гарын үсэг зурдаг юм. Эсвэл Ерөнхий сайд төрийн эрх мэдэл УИХ-д байна гэж ярьж байгаа бол УИХ-аас зөвшөөрөл авч байж, Ерөнхий сайд гарын үсэг зурах ёстой. Гэтэл Ерөнхий сайд нь өөрөө “чи, чи гарын үсэг зур” гээд хэн ч биш компанийн захирлуудаар гарын үсэг зуруулсан байх жишээтэй. Нөгөө ард түмний төлөөлөл чинь биш болно биз дээ. Компанийн захирлуудаар гарын үсэг зуруулчихаад Засгийн газрын шийдвэр гэж зарлаж байгаа. Ийм зүйл байдаггүй юм. Монгол өрөнд ороод хоцрох гэрээг Дубайд хийсэн. Гарын үсэг зурсан учраас компанийн захирлууд хариуцах гэнэ. Яагаад төр хариуцдаг юм бэ. Яагаад ийм хүмүүст гэрээ хийх эрх олгосон юм.
-Ч.Сайханбилэг асуудлыг өөрөөсөө холдуулсан нэг арга нь юм биш үү?
-Би гарын үсэг зураагүй. Зурсан хүмүүстэйгээ ярь. Ингэж өөрий өөрийгөө залилсан заль хэрэглэх гэж новширч байгаа байхгүй юу. Яаж хэргээс мултрах вэ гэж заль бодож суугаа биз.
-Оюутолгойгоос гарч байгаа баялгийг гадаад гэрээний нууцыг ил болгох асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариуцдаг. Монголд ямар ашигт малтмалын нөөц байна. Хэдийг нь энэ онд ашигласан бэ. Хэдийг нь дараа онд ашиглах вэ гэдэг нь төрийн нууцад хамаардаг. Нөөцийн нэгдсэн бланс нь төрийн нууц шүү дээ.
Сэтгүүлч Б.Пүрэвжав