Засгийн газраас төрийн өмчит компаниудыг шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахыг хориглож, жилийн төсвөө 10 хүртэл хувиар хэмнэхийг “үүрэг” болгосны түүхт нэг жилийн ой дээр төрийн өмчит “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” компани 210 сая төгрөгөөр “Прадо-150” авахаар тендер зарлажээ. Эдийн засгийн байдал улам муудаж төсөв мөнгийг дээр дооргүй хэмнэх учиртай цаг үед төрийн өмчит компанийхан ингэж даналзаж байна. Энэ компанийг М.Түмэнжаргал удирддаг. Тендерийн баримт бичигт автомашиныг “Ланд круйзер” биш харин “Прадо-150” гэж даруухнаар нэрлэжээ. Мөн 2022 оны цоо шинэ машин авахаар зарлажээ. Монголын тансаг хэрэглээний автомашины зах зээлд тэргүүлэгч “Таван богд” компани энэ загварын машиныг 130-170 сая төгрөгөөр зарж байна. Энэ оны шинэхэн хар өнгийн машин оруулж ирэх нь тэдэнд алга урвуулахын төдий амархан. Үүнээс үзэхэд энэхүү тендерт “Таван богд” ялах нь бараг л тодорхой мэт ... Гэхдээ үнийн дээд тал нь 170 сая төгрөг гэж байхад “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” 210 саяар авна гэсэн байна. Илүү гарсан 40 саяар нь яах гэж байгаа юм бол...