НИТХ-ын дарга С. Амарсайхан Швейцарийн иргэнээс 4 тэрбумаар үнэлэгдэх бэлэг авч байжээ
Нэг үе Транс банк гэж үйл ажиллагаа нь жигдэрсэн арилжааны банк байв. Харин банкны өлгий Швейцариас В.Армин гэх 60 гаруй настай банкирыг удирдуулахаар авчирсан биг шай болсон. В.Армин, Оюуны Ундраа групп хоёр холбогдож, шүүхээр явсан хэрэг нэг хэсэгтээ дуулиан болж байлаа.
“Оюуны ундраа”-гийн гэх овогтой ах дүү 10 бизнесмэн бий. Тэднийн отгон нь НИТХ-ын дарга С.Амарсайхан. Монголдоо бизнес эрхэлж явахад сайн муу хэл аманд бишгүй орно. НИТХ-ын дарга С.Амарсайханы Швейцарийн иргэн В.И. Арминтай холбоотой асуудал юм. Швейцарийн иргэн В.И. Армин “Оюуны ундраа” группэд хүн үнэмшимгүй бэлэг өгчихөөд Монголоос оргон зайлсан талаар сонин яриа гардаг. Швейцарийн иргэн В.И. Армины оргосон шалтгаан Монголд нэлээд ноцтой хэргийн "эзэн" болж байсантай холбоотой аж. Тэрбээр Оросын иргэн Новожиловтой хамтран мөнгө угааж байсан гэх хардлага бий. Үнэхээр В.И. Армин гэгч нь өчнөөн хөрөнгөө хүнд зүгээр бэлэглэчихдэг сайхан сэтгэлтэй юм бол ядаж л бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой. Уг нь аль ч гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад, харилцагч талын хоёр төлөөллүүд нэг дор цуглаж, баяр ёслолын байдалтайгаар ёсчилж, мутраа дурайтал татдаг. Тэгээд зураг хөргөө татуулан оргилуун дарс амсан, сайн сайхныг ерөөцгөөдөг. Тэр тусмаа Монголд... “2012 оны 11 сарын 30-ны өдөр энэхүү гэрээг байгуулав” гэсэн яг тэр өдөр В.И. Армин нь Швейцарьт ч юм уу, дэлхийн хаа нэгтээ явсан байна. Лав л Монголд байгаагүй, хэдийнэ хил давсан байсан. Харин “Бэлэг” хүлээн авагч буюу УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С. Отгонбаярын дүү, одоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С. Амарсайхан нар нь Монголдоо л байжээ. Гэрээ хийсэн гээд байгаа өдөр нь С. Амарсайхан, Р. Батрагчаа хоёр лав “Буянт ухаа” хилийн боомтоор В.И. Армин руугаа хил давж яваагүй нь баримтаар нотлогддог. В.И. Армин ч энэ өдөр Монголд ирээгүй. Тэгэхээр тэд В.И. Арминаас “Бэлэг” хүлээн авч, гэрээнд гарынхаа үсгийн зурах “ёслол”-д оролцоогүй, ийм арга хэмжээ ер болоогүй гэсэн үг юм. Монголбанк тэдний энэхүү гайхалтай сайхан сэтгэлийн гэрээг хүлээн зөвшөөрсөнгүй. Яаж ч зөвшөөрөх билээ. Монголбанк хууль дүрмэнд захирагдаж ажиллах ёстой. Тэгтэл “Оюуны ундраа”-гийн эзэд Монголбанкинд “гомдож” Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Шүүх дээр хэд хэдэн хачирхалтай зүйл сөхөгдсөний гол нь дээрх гарын зурах “ёслол”-д гэрээлэгч талууд огт уулзалдаагүй явдал байлаа. Мөн В.И. Армины өмгөөлөгч гэх нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд харшилсан үйлдэлт гаргасан нь илэрсэн. Хуульд “Өмгөөлөгч нь багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд. Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалын цалинтай хавсран эрхлэхийг хориглоно” гэжээ. Гэтэл тэр В.И. Армины “Инфрастракчер” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Тиймээс 2013 онд өмгөөлөгчийг нь ноён Армины “Инфрастракчер” компанийн гүйцэтгэх захирлын тушаалаас чөлөөлж оронд нь НИТХ-ын дарга С. Амарсайханыг томилсон байх юм. Ийнхүү тухайн үед сайн ч, муу Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч буюу төрд биднийгээ төлөөлж буй түшээ Швейцарийн иргэний “зарц”болсон түүхтэй. Гүйцэтгэх захирал бол үндсэндээ хөлсний ажилчин буюу зарц гэсэн үг.
Эхлээд тэд “Инфрастракчер” компанийн хувьцааг дөрвөн тэрбум 280 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж үзсэн байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ нууцаар байгуулжээ. Гэвч энэ гэрээ нь хууль бус болохыг МҮХАҮТ-ын дэргэдэх Арбитрын шүүхээр тогтоосон байгаа юм. Банкны тухай, Компанийн тухай хууль болон “Транс” банкны дүрмийг зөрчиж байгуулсан энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, улмаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Инфрастракчер” компанийн хувьцаа эзэмшигчээр В.Арминыг буцаан тогтоож, “Оюуны ундраа” группийг бүртгэлээс хассан байна. Ингэж хууль зөрчсөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болготол В.Армин “Оюуны ундраа”-тай Бэлэглэлийн гэрээ гэгчийг байгуулжээ. Ингэж 4 тэрбумаар үнэлэгдэх бэлэг авсан Хотын даргын хамаарал бүхий компани, нэгэн банкны асуудал хэдэн жил дамнан шүүхээс явсаар эцэст нь "Транс" банк буюу Тээвэр хөгжлийн банк үйл ажиллагаа нь саарлаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ