alim.mn | 2024.12.25
"ЖДҮ"-чин Бат-Эрдэнэ сайд болж, араас нь АТГ-т шалгагдаж байсан Т.Аубакир ХХААХҮ-ийн сайд болох уу?

Улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотой ЖДҮХС-гаас зээл авсан хэрэг 2018 оны 11 дүгээр сад мандаж байлаа. Тэр хэргээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг огцорч, 4-5 УИХ-ын шүүхээр орсон. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга, одоогийн ШӨТХГ-ын дарга, удахгүй БОАЖ-ын сайд болох Б.Бат-Эрдэнэ нэр холбогдон ажлаа өгсөн. Тэр үед Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн "Рич Холдинг" компани 400 сая төгрөгийн зээл авсан гэж бичигдэж байсан. Үүнийг нотлох мэт ажлаас нь чөлөөлсөн юм. Удалгүй ШӨТХГ-ын дарга болсон, одоо дахин зэрэг нэмж Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд болох нь. "Мандуул хаан үхэж манийн жаргал эхлэв" гэгчээр ЖДҮ-гийн хэрэг цайран цагаадаж, эхнээсээ сайдын суудлаар шагнуулж эхлэв бололтой. Тийм бол ЖДҮХС-гаас хамгийн их зээл авсан, мөн хамгийн хатуу хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригоо бас цагаатгаж, бариулсан "банхар"-ын хөшөө шиг босгож өгвөл яасан юм бэ. БОАЖ-ын сайд Н.Уртнасанг унагаад оронд нь томилох хүний тухайд иймэрхүү. Ядаж байхад хатныг явуулахад зарц боолыг нь дагуулдаг хуучны заншил шиг дэд сайд, Төрийн бичгийн дарга хоёрыг нь дагуулаад чөлөөлчихсөн. Оронд гайгүй хүн очоосой билээ гэж залбирах үлдлээ.

  Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы оронд УИХ-ын гишүүн Т.Аубакир очно гэж яригдаад эхэллээ. Баян-Өлгийн аймгаас сонгосон Т.Аубакир гишүүн "Тариан цацал" гэж компанитай. Нэг үгээр хэлбэл Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй. Дээр нь үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн хэмээн шүүмжлүүлж, тухайн үeдээ АТГ-т шалгагдаж байгаад хэрэг нь замхарсан Т. Аубакир гишүүн ХХААХҮ-ийн сайд болбол олон нийт сайнаар хүлээж авахгүй нь лав...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алдаа гаргасан сайдуудаа хариуцлага тооцож байгаа нь сайн ч иймэрхүү томилгоо хийвэл "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгч болох вий. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ