alim.mn | 2025.04.20
Тонга улсын “тослог” тамирчин эх орондоо зориулж 340,000 ам.долларын хандив цуглуулжээ

Номхон далайн арлын бяцхан хаант улс Тонгаг гурван олимпын наадамд төлөөлсөн тамирчин Пита Тауфатофуа цунамигийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулан олон нийтээс 340,000 ам.долларын хандив цуглуулжээ.

Нэгдүгээр сарын 15-ны өдөр далайн усан дор оршдог галт уул дэлбэрсний дараа 100,000 гаруй хүн амтай Тонга улс гадаад ертөнцөөс бүрэн  таслагдсан юм. Энэхүү гамшигт өртсөн эх орондоо туслахаар Пита хандивын аян эхлүүлжээ.

Тэрбээр 2016, 2020 оны зуны олимпын наадмуудад тэквондо, 2018 оны өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрлөөр Тонга улсыг төлөөлөн ганцаар оролцсон юм. Тосолсон нүцгэн цээжээ ил гарган улсынхаа далбааг өргөж олимпын нээлтэд жагсдаг Пита олны анхаарлыг татсаар ирсэн юм. Одоо Австрали улсад бэлтгэл хийж байгаа. Тамирчин Питагийн аав Тонга улсын Хаапай нэртэй бүлэг арлын захирагч. Хаапай дахь гэр бүлийнхэн нь галт уулын гамшигт өртөөгүй сайн байгаа гэнэ. 

Пита Тауфатофуа цуглуулсан хандиваа Тонгагийн сүйрсэн дэд бүтэц, сургууль, эмнэлгүүдийг сэргээн босгоход зарцуулах аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ