alim.mn | 2025.01.02
Уран барималч А.Очирболд "Дэгэрэ" бүтээлээрээ НордАртын тэргүүн шагнал авлаа.
ХБНГУ-д жил бүр зохион байгуулагддаг НордАрт-Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн 2019 оны тэргүүн Гран При шагналын эзнээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд “Дэгэрэ” бүтээлээр шалгарсан юм. Энэ нь Монгол уран бүтээлчийн ур чадварыг олон улсад өндрөөр үнэлж, нэр хүндийг өргөсөн сайхан үйл явдал болсон билээ. Шагналыг 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр албан ёсоор гардуулах байсан боловч КОВИД-19 цар тахлаас үүссэн аяллын хязгаарлалт, хөл хорионы улмаас зохион байгуулах боломжгүй болон хойшлогдсон. Улмаар НордАрт 2021 үзэсгэлэнгийн үеэр НордАртаас А.Очирболдын шагналыг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш Монголын мисс 1995 оны тэргүүн байрын эзэн О.Оюунтуяа төлөөлөн гардан авсан билээ.
НордАртын Монголын павильоны хамтын ажиллагааны албан ёсны түнш Гадаад Харилцааны Яам нь 2022 оны 01 сарын 20-ний өдөр уран бүтээлч А.Очирболдод тус шагналыг ёслол төгөлдөр гардууллаа. Шагналыг Гадаад Харилцааны Сайд Б. Батцэцэг гардуулсан бөгөөд ёслолд ГССХГ-ын дарга Д. Булган, БТГ-ын дэд дарга, Элчин Сайд асан Ц.Болор, Монголын павильоны зохион байгуулагч СУХМТМЗ ТББ-ын гүйцэтгэх захирал О.Зулцэцэг, атташе Б.Сэлэнгэ нар байлцав.
2015 оноос хойш НордАртад тасралтгүй оролцогч, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагддаг уран бүтээлч А.Очирболдод Күнствэрк Карлсүтте-гийн хост, ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар нь хүндэтгэл үзүүлэн энэхүү тэргүүн шагналын 10,000 еврог хандивлан санхүүжүүлж, гардуулж байгаа болно.
 А.Очирболд нь НордАрт 2015 онд Монгол Улс Онцлох орноор бие даасан павильон зохион байгуулахад өөрийн уран барималуудаараа оролцсоноор Европ дахь гараагаа эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш Очирболд НордАртын элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байна. А.Очирболдын "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон НордАрт 2021 онд Карлсхүттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулсан.
НордАрт 2022-д Тусгай төслийн хүрээнд Монголын павильон 4 дэх удаагаа дахин зохион байгуулагдана.
 Уран барималч А.Очирболд “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн юм. Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны бүтээлээс сонгон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм. Монголчууд уг ухан барималчийг ухамсар бүтээлээр нь сайн мэднэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ