«Spielbank Wiesbaden» буюу Висбадений казино нь Германд төдийгүй Европт хамгийн эртний гэж тооцогдох мөрийтэй тоглоомын газар юм. 1771 онд Науссакийн герцог мөрийтэй тоглоомын газар ажиллуулах зөвшөөрлөө авч, үүнээс 10 жилийн дараа рулет ширээтэй болжээ. Оросын их зохиолчдын нэг Фёдор Достоевский мөрийтэй тоглоомын хорхойтон, бүр донтсон нэгэн байжээ. Тэрээр "Тоглогч" романдаа мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлсэн хүний тухай буюу чухамдаа өөрийнхөө тухай өгүүлсэн гэдэг. 1865 онд орос зохиолч Висбадений сувилалд сүрьеэ өвчнөө эмчлүүлж байхдаа казиногийн байнгын үйлчлүүлэгч болоод байв. Орос зохиолч бүх мөнгө, эмчилгээний зардлаа төдийгүй эхнэрийнхээ гоёл чимэглэлийг хүртэл хулгайлж тоглоод бүгдийг нь алджээ. Улмаар Висбадены казинод одоогийн ханшаар 240 мянган евро хүрэх маркийн өрөнд оржээ. Өртэй хүн нь юу ч үгүй хоосорсоны дээр Орос төдийгүй бусад оронд алдартай зохиолч тул казиногийнхон хүчлэлгүйгээр өрөө төлөхийг баталсан баримт бичгэнд гарын үсэг зуруулаад явуулсан аж. Гэсэн ч Фёдор Достоевский өрөө төлөлгүй явсаар нас барсан. Өртэй зохиолч хэдий нас барсан ч тус казиногийн уламжлал ёсоор орос зохиолчийн зурагтай ичгүүрийн самбарыг ханандаа өлгөжээ. Самбарт өрийн хэмжээ болон өр төлөгдөөгүй болохыг тоо баримттай бичсэн байж. Ийнхүү энэ самбар Германы казиногийн хананд 155 жил өлгөөстэй байжээ. Казинод зураг авах бичлэг хийх хориотой байдаг тул самбарын зураг олон нийтэд тараагүй. Социалист систем задран унасны дараа 1995 оноос оросууд Висбадены казинод тоглох болж улмаар өөрсдийнхөө алдарт зохиолчийн ичгүүрийн самбарын тухай мэдээлэл Орос даяар тархсан. Хэдийгээр Оросын олон тэрбумтан, шинэ баячууд нь орж, гарч байсан ч хэн нь ч их зохиолчийнхоо өрийг төлж, самбарыг буулгуулаагүй. Харин энэ оны хоёрдугаар сарын эхээр Оросын жүүд гаралтай тэрбумтан Роман Абрамович Висбадены казинод их зохиолчийнхоо өрийг төлснөөр ичгүүрийн самбарыг буулгуулжээ. Анх 155 жилийн өмнө Фёдор Достоевскийн тавьсан өр нь ханшийн өсөлтөөр 2020 онд 240 мянган евро болжээ. Энэ нь монгол төгрөгөөр даруй 720 сая аж. Ийнхүү эх орных нь нэр хүндийг орос хүн биш харин жүүд тэрбумтан л аварлаа хэмээн Оросын цахимд бичиж байна.