Он гарсаар төрийн өмчит компаниудын өндөр үнэтэй машины тендер шил шилээ даран зарлагдсаар байна. Энэ удаад “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК “технологийн машин” нэрээр 896 сая төгрөгний тендер зарлажээ. Технологийн гэхээр техникийн нарийн үзүүлэлттэй машин гэсэн ойлголт төрж байна. Үүнийгээ ч тендерийн баримт бичигт маш тодорхой тусгасан байх учиртай. Гэтэл тендерийн урилгын “техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага” гэсэн 3-р бүлэг нь хов хоосон байх юм. Зөвхөн “технологийн автомашин”, “туулах чадвар сайтай технологийн автомашин” гэсэн багцаас өөр техникийн гэх зүйл алга. Хэрвээ “туулах чадвар сайтай” гэж байгаа бол энэ нь сүүлийн үеийн загварын “ланд круйзер” эсвэл “прадо”-г хэлдэг нь нууц биш болсон. Ингэхлээр энэ компани “технологийн” гэх сүржин нэрээр тансаг зэрэглэлийн автомашин худалдан авах гэж буй гэх хардлага төрж байна. Уг нь Засгийн газар нь төрийн өмчит компаниудыг өндөр үнэтэй машин, тавилга худалдан авахыг хориглосон ухаантай. Гэхдээ тэр шийдвэрийг санаж байгаа бас тоож байгаа төрийн өмчит компанийн захирал байхгүй гэдэг нь тендер зарлалтаас улам бүр тодорхой харагдсаар байна