alim.mn | 2024.12.25
Орон нутагт 60 сүүний үйлдвэр барина гэж Хөгжлийн банкнаас 15 сая доллар зээлсэн "Монгол драй милк" ХХК-ийн өр төлбөр 50 тэрбум төгрөг хүрчээ

Монгол Улсын Хөгжлийн банк ердөө 26-хан зээлдэгчид нийт 841 тэрбум төгрөг хуваагаад зээлжээ. Эдгээр нь өрөө төлөхгүй найдваргүй зээлдэгч болж, эхнээсээ шүүх цагдаагийн хаалга татаж байна. Энэ 20 гаруй зээлдэгчийн магнайд "Монгол драй милк" ХХК жагсаж байна. Энэ компани хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулна гэж 42.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ зээлийг 2017 оны 5 дугаар сарын 16-нд авчээ. Хөдөө орон нутагт 60 сүүний үйлдвэр байгуулна гэхээр 21 аймагт дор хаяж хоёр сүүний үйлдвэр байх ёстой. Гэтэл сүүний үйлдвэр байтугай жижиг цех байгуулаагүйг монголчууд бултаараа харж байна. 60 сүүний үйлдвэр байгуулна гэж 42.6 тэрбум төгрөгийн зээл авсан "Монгол драй милк" ХХК-ийн өр төлбөр хуримтлагдсаар 50.4 тэрбум төгрөг хүрсэн байна. 

"Монгол драй милк" компанийг 2016 оны 8 дугаар 12-нд анх үүсгэн байгуулж, Улсын бертгэлийн ерөнхий газар бүртгүүлэн тамга тэмдгээ авчээ. Ердөө жил бололгүй Хөгжлийн банкнаас 42,6 тэрбумын зээл авна гэдэг далайгаас алтан загас шүүрдэн барихтай адил аа, жирийн иргэдэд бол...

 Тус компанийг Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Цоодолын Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70,20,10 хувиар хуваан эзэмшиж байжээ. Харин Хөгжлийн банкнаас зээл авахаас яг 2 сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар 16-нд уяач Х.Бат-Эрдэнийн төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр "Монгол драй милк" компанийг 100 хувь шилжүүлжээ. Харин Х.Батбаасан хэдхэн хонуулаад Энхболдын Эрдэнэбилэг гэх 1989 онд төрсөн залууд 100 хувь шилжүүлжээ. Ингээд тэр компани "60 хуурай сүүний үйлдвэрийг 60 суманд байгуулна, малчдаас сүү худалдан авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатаасан сүү гаргаж авна" гэсэн төсөл бичээд Хөгжлийн банкнаас 15 сая долларын зээл авчээ.  Энэ нь 40-50 тэрбум төгрөгт хүрчээ.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ