alim.mn | 2024.12.23
“ДЦС-2” –ын гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү нарын 24,5 тонн мазутын хэрэгт “Новатек интернэйшнл” орооцолджээ

Жилийн өмнө “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус компанийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал Д.Баатар нарт холбогдох 24 сая төгрөгийн үнэ бүхий 24,5 тонн мазутын хэрэг дэгдсэн. Гүйцэтгэх захирал асан нь ерөнхий нягтлантайгаа бүлэглэн санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан 24.5 тонн мазутын төлбөрийг гарган авахын тулд “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатараар “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар, мөн уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга бүхий 2 удаагийн албан бичиг, мазут худалдах, худалдан авах гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдэн, төлбөр болох 24.2 сая төгрөгийг “Цагаан давс” ХХК-ийн Хаан банкин дахь данс руу шилжүүлжээ. С.Бямбаахүү нь шилжүүлсэн мөнгөнөөсөө 18 саяыг нь өөртөө авч Д.Баатард 6,2 саяыг нь үлдээсэн.  Өөрийн авсан мөнгөнөөсөө нягтлан бодогч  болон Д.Мягмаржав гэх хүнд найман саяыг хуваан өгсөн гэнэ. Өдгөө энэ хэрэг шүүхийн шатанд сунжирчээ. Д.Бямбаахүү нар нь илүү гарсан мазут нь “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн өмч бус харин “Новатек интернэйшнл” компанийх гэж мэдүүлсээр байна. Ингээд тэдний гараар орсон мазутын жинхэнэ өмчлөгчийг олж тогтоох шаардлагатай болсон.  “Новатек интернэйшнл” компанийн захирал, нягтлан нар нь “ДЦС-2” –оос 10,4 тонн мазутын авлагатай, түр хадгалуулж байсан гэж мэдүүлсэн. Гэсэн ч зөвхөн өөрийх нь компанийн баримт байдаг гэнэ. Харин “ДЦС-2” –оос бусдад өгөх мазутын өглөг авлагатай тэр тусмаа “Новатек интернэйшнл” компанитай холбоотой санхүүгийн баримт гарч ирээгүй байна. Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албанаас авсан баримтаар  “Новатек интернэшнл” нь мазут ачиж, ачаа хүлээн авагч “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн салбар замд буулгасан ч хоёр сарын дараа компани нь уг салбар замаас буулгасан хэмжээгээрээ мазут ачиж, Уулын баяжуулах үйлдвэр лүү явуулсан байжээ. Үүн дээр үндэслэн илүү гарсан мазут нь гадны компанийх бус харин “ДЦС-2” –ых болж таарчээ. Хуулийхний үзэж байгаагаар өөрсдийн хэрэгцээнд худалдан авч, үйл ажиллагаандаа зарцуулсан мазутын орлого, зарлагаа зөв бүртгээгүй, тооллогыг үнэн зөв бодитоор явуулаагүйгээс санхүүгийн бүртгэлд илүүдэл гэх мазут үүссэнийг гүйцэтгэх захирал нар нь ашигласан гэж үзэж байгаа аж. Ийнхүү С.Бямбаахүү нарын хэрэгт “Новатек интернэшнл” компани орооцолджээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
4 жилийн өмнө
202.179.27.57
нэг хэсэг нь л баригдаж, өөр их юм бий дээ
Төстэй мэдээ