Хятад улсад зохион байгуулагдах өвлийн XXIV Олимпийн наадмын нээлтийн ёслолд дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн оролцоно. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас “Хятадын тэргүүлэгч Си Жинь Пин гадаад орнуудын Ерөнхийлөгчид болон Засгийн газрын тэргүүд, хаад ноёдын гэр бүлүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч нарт зориулан баярын хүлээн авалт хийнэ. 2 сарын 4-6-ны хооронд бүгдтэй уулзалт хийнэ” хэмээн мэдэгдэв. Өвлийн Олимпид хүрэлцэн ирэх зочдоос дурдвал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Тажикистаны тэргүүн Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров болон Узбекистан, Туркменистан, Сингапур, Египет, Польш, Серб, Аргентин, Эквадор зэрэг орны лидерүүд, Засгийн газрын тэргүүнүүд...өвлийн олимпийн нээлтэд оролцоно.
Өвлийн Олимпийн наадам 24 дэх удаагаа Хятадын нийслэл хот Бээжинд 2022 оны 2 сарын 4-нөөс 20-нд зохион байгуулагдана. Нийт 109 цогц медалийн төлөө орон орны тамирчид өрсөлдөх юм. "Энэ удаагийн Олимпийг Америк, Австрали, Канад зэрэг зарим орон бойкотолсонтой холбоотой хамаг медалийг Хятад, Орос хоёр хамж магадгүй" гэж тоймчид, шинжээчид тааварлаж байна. Хятадууд мэдээж Олимп зохион байгуулж буй эзэн орны хувьд хамгийн олон тамирчнаа оролцуулах бол Орос ч дутахгүй. ОХУ-аас энэ удаа 400 гаруй тамирчин, төлөөлөгч ирсэн. Үүнээс 212 нь тамирчин бөгөөд спортын 15 төрлөөр оролцох аж. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) хориг арга хэмжээний улмаас Оросын тамирчид өмнөх Токионгийн Олимп шиг туг далбаа мандуулах эрхгүй, төрийн сүлд дууллаа эгшиглүүлэхгүй. Тэд ROC (Russian Olympic Committee) нэрээр Олимпид оролцож сүлд дууллын оронд алдарт хөгжмийн зохиолч Петр Чайковскийн бүтээлийг тавих ажээ.