alim.mn | 2024.12.22
Ж.Нансалмаа: Миний том охин Содтунгалагт хөгжмийн нэрт зохиолч Мөрдорж гуай нэр хайрласан

Цаг үе бүхэн өөрийн алдар цуутнуудаа төрүүлдэг жамтай. Тэгвэл дуучин Нансалмааг  өөрийн цаг үеийг эзэлсэн морины алдартай дуучин гэдэгтэй маргах хүн гарахгүй.  Гавьяатын алдар цолыг хожуу хүртсэн дуучин Нансалмааг  үзэгчид  сонсогчид  Ардын жүжигчний энтэй дуучин гэж үнэлж хүндэлдэг. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхөд бэрх  гэдэг шиг дуучин УГЖ Ж. Нансалмааг морины дуугүйгээр нь төсөөлөх аргагүй юм.  Хүлэг сайн морьдынхоо  сайхан дуунуудыг  хоёр зуун дамжин  дуулж яваа Нансалмаа гавьяат маань хамгийн сүүлд 2005 онд  “Сүлдэнд мөнхөрсөн морьд” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийж моринд хайртай түмэн  олныхоо сонорыг мялааж,  самсааг шархируулж явсан юм.  Одоо ч дуугаа дуулсаар цог золбоотой хэвээрээ яваа “Зууны манлай морины дуучин” УГЖ Ж.Нансалмаатай уулзаж ярилцлаа. Тэрээр 150 гаруй хүлэг морьдын тухай дуу дуулсан амжилтаараа магнайлж,   урлагийн тайзнаа 50 гаруй  жил дуулж яваа авьяаслаг уран бүтээлч юм.

-Ард түмний хайртай дуучин Нансалмаа гуай нам жим амьдраад удлаа. Нансалмаагийн морьдын магнайд гарч тоос үлдээн уралдах морины дуулаач тодрон гараагүй гэдэг. Таныг саяхан Хэнтий аймагт очиж дуулаад үзэгчдийг уйлуулсан гэж сонслоо.

 -Би ер нь нам жим байгаа гэж бодохгүй байгаа шүү. Уран бүтээлч хүн байнга шинийг эрэлхийлж явдаг хойно сурсан мэдсэнээ шавь нартаа хэлж өгөхөөс эхлээд зүгээр суухгүй л байна. Энд тэндээс дуулах урилга тасрахгүй ирдэг болохоор голдуу хөдөө орон нутгаар тоглолтоор явж байна. Монголын ард түмэн өнөөг хүртэл миний дуулсан дуунуудыг сонсох дуртай байгаа болохоор тайзнаасаа хараахан буугаагүй л байна. Ер нь би дуулж чадахаа больсон цагтаа л тайзнаасаа бууна гэж боддог. Норовоо багш маань миний насан дээр гадаадад уригдаад дуулж л байсан. Би дуучин Чинболор нарын хүмүүсийн урилгаар Хэнтий аймагт очиж нэг томоохон арга хэмжээнд очиж 2 удаа тоглолтонд оролцлоо. Нэг тоглолтонд нь 4 удаа дахиулж нэг өдөр 8 удаа морины дуугаа дуулсан. Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авч байна. Намайг мартаагүй байна гээд би ч сэтгэл хөдөлсөн. Үзэгчдээс олон хүн нүдэндээ нулимстай дууг чинь дагаж дуулж байна гэж хүмүүс ярихад  тэр сайхан дуунуудыг зохиосон яруу найрагч, хөгжмийн зохиолч нараараа бахархаж суулаа. Миний дуунуудыг голдуу ахимаг насныхан сонсох дуртай гэж боддог байсан нь үгүй юм билээ. Дунд сургуулийн хүүхдүүд хүртэл таны дууг сонсох дуртай гээд зарим нь дуугаа сонсгож зөвлөгөө авдаг юм. Монгол хүний хийморь сүлд хүлэг сайн мориноосоо эхэлдэг гэж ард түмэн сүсэглэдэг. Газар газрын хурдан хурц, сайвар жороо, холч түргэн морьдын тухай дуунуудын   уяаг сойлгыг нь тааруулж  дуулснаас хойш 50 гаруй жил болж байна.  Монголын дуучдаас гадаадын орнуудад хамгийн олон удаа очиж дуулсан дуучид нь  Норовбанзад гуай бид хоёр л байдаг юм. Энэ амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байгаа. Бид хоёр давхардсан тоогоор 40 гаруй оронд очиж дуулсан. Бидний үед чинь төр засгийн буянаар гадагшаа маш их явж тоглодог байлаа. Ямар сайндаа зарим хүн Нансалмаагаас өөр явах дуучин байдаггүй юм уу гэж хүртэл хэл ам хийсэн дуулддаг байсан. Морь гэдэг амьтан чинь хийморлог амьтан болохоор дэлхий нийтээр сонирхоно. Ямар ч улс оронд очоод морины тухай дуугаа дуулахад их сайхан хүлээж авна шүү дээ. Одоогоор  миний өмнө гарч дуулсан морины дуучин алга. Гэхдээ Манай Батбаяр гавьяат эрчүүдээс морины тухай дуунуудаар анх тодорсон сайн дуучин шүү дээ. Морины дуучин гэсэн цолыг ард түмнээсээ авсан хоёр л  бид хоёр юм даа. Залуучуудаас миний шавь СТА Нарантуяа ид сайн дуулж байна. Энэ охин их ухаантай дуулдаг юм. Дуулахад хоолойноос гадна их ухаан шаардана. Ухаан муутай хүн дууг тэгэж сайхан урлаж,  уянгалуулж дуулж чадахгүй шүү дээ. Тэрнээс хоолойтой  болгон нь дуучин болчихдогүй юм. Морины дууг дуртай болгон нь амилуулж чадахгүй.

 -Таны амьдралдаа авсан хамгийн том шагнал юу вэ? Гавьяатыг хожуу өгсөн болохоор гуйж авахгүй гуядаж авна гэж аархдаг байсан гэдэг үнэн үү?

 -Би  2 хүүхэд ээжтэйгээ хамт гэрт байхдаа улсаас хоёр өрөө байраар шагнуулахдаа үнэхээр их баярлаж,  хөл газар хүрэхгүй шахам байснаа одоо ч тод санадаг. Тэр үед гадаадад  тоглолтоор байнга шахуу явдаг байсан болохоор ээж минь хүүхдүүдийг минь хараад зутруухан үлдэхэд  санаа их зовдог байлаа. Ер нь миний амьдралдаа авсан хамгийн том шагнал бол байр л байсан даа. Мэдээж гавьяат авахдаа, одон авахдаа баярлаж л байсан. Нэгэнт би ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болчихсон болохоор хэзээ нэгэн цагт гавьяат цолыг авна гэж боддог л байсан. Тэрнээс алдар цол өгсөнгүй гэж гомдоллож яваагүй. Би дөнгөж 8-р ангиа төгсөөд улсын филормонийн хөгжимчин болсон юм. Урлагт яг 30 жил зүтгээд МУГЖ цолыг 1990 онд цагаан морин жил авч байлаа. Морины дуу дуулдаг болохоор морин жил цол авахдаа бэлэгшээж л байсан. Нэг үе Норовбанзад гуай бид хоёргүйгээр төрийн тоглолт болж байгаагүй гэдгийг бидний үеийнхэн андахгүй дээ. Хаана л очно холбоо хоёр гэдэг шиг хамт л явна. Үнэхээр сайхан байж  дээ. Тэр аугаа дуучинтай олон удаа гадаадын орнуудаар явж үзэгчдийг бишрүүлж байхыг нүдээр үзэж, чихээр сонссон болохоор би  хэрийн уртын дуучинг үнэлдэгүй юм.  Манай Норовоо багш чинь хэр баргийн дуучинг үнэлдэггүй хүн байлаа шүү дээ. Аргагүй ч үгүй биз дээ. Тэр том дуучин хүний сэтгэлд хүрнэ гэдэг хэцүү л дээ. Багш маань Чимэдцэеэг хүртэл нүүрэн дээр нь магтдаггүй байсан. Бидэнд болохоор сайн дуучин гэдэг мөртлөө өөрт нь тэр болгон хэлэх дургүй  байсан гэж боддог. Харин УГЖ уртын дуучин Сарантуяаг суурь сайтай гээд магтдаг байсан юм.  Даанч Сараа маань уртын дуугаа удаан дуулсангүй дээ. Аливаа шагнал хүнд урам өгдөг гэдэг ч би лав шагнал өгсөнгүй удлаа гэж хүнээс дор ажиллаж байгаагүй. Би  гавьяат цолыг гуйж авахгүй,  гуядаж авна гэж үнэхээр  хэлж байгаагүй л дээ. Магадгүй ард түмэн маань намайг  үнэлж тийм яриа гаргасан байж магадгүй юм. Хөдөө орон нутагт явахдаа олон дахиулахад уурласан энэ тэр гэсэн гээд  янз бүрийн яриа гардаг байсан юм билээ. Сүүлд нь сонсоод гайхаж л байсан. Дуучин хүн ард түмэн нь үнэлээд дахин  дахин  дуулуулахад юундаа уурлахав дээ. Харин ч сайхан байдаг юм. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилтыг сонсох шиг аз жаргал уран бүтээлч хүнд байхгүй шүү дээ.

-Танай том охин Содтунгалаг Ардчилсан хувьсгалын анхны гишүүдийн нэг, анхны хурал цуглаанд нь идэвхтэй оролцож явсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг гэж сонссон. Англи улсын иргэнтэй гэр бүл болоод тэндээ суурьшсан байхаа. Эх орондоо ойрд ирсэн үү?

-Би хоёр том хүүхдээ  хорь ч хүрээгүй байхдаа жил дараалж гаргасан юм. Москвад тоглолтооор очиход хоёр хүүхэд гаргасан  гэхэд Оросууд гайхаж л байсан. Нуулгүй хэлэхэд хүнтэй албан ёсоор гэр бүл болоогүй байхдаа хүүхдүүдээ  төрүүлсэн юм. Хүүхдүүдийн минь аав надаас 9 насаар ах хойно сургууль төгссөн инженер  хүн байсан юм. Дараа нь надаас хүүгээ авна гэхээр би өгөөгүй. Ээж минь хүүхдүүдээ салгаж өсгөөд хэрэггүй гээд дургүйцсэн. Ажлаа  түүртэлгүй хийхэд ээж минь л их тусалсан даа. Миний том охин Содтунгалагт хөгжмийн  нэрт зохиолч Мөрдорж гуай нэр хайрласан юм. Охин маань ХБДС-ийн хийлч мэргэжлээр онц төгсөөд Свердловскийн консерваторийг хөгжмийн онолч, судлаачаар онц төгссөн. Одоо охин маань Англид гэр бүлээрээ сайхан  амьдарч байна. Явснаасаа хойш эх орондоо ирж амжаагүй л байна. Тэнд очоод эм зүйч мэргэжлээр суралцаад тэр мэргэжлээрээ сайн ажиллаж байгаа гэсэн. Миний охин чинь 3 хүү төрүүлсэн дархан бэр шүү дээ. Том хүү нь монголд аав дээрээ байдаг юм. Өнгөрсөн жил хамгийн том зээ хүү маань эхнэр авч хүүхэдтэй болоод би гучаа үзсэн. Бас нэг зээ охин маань  төрөөд би  2 дахь гучийнхаа зулайг үнэрлэж бөөн баяр болсон. Зээ охин Онон маань сая сургуулиа амжилттай төгсөөд олон хүүхдээс шалгарч МСS-д ажилд орсон байна лээ. Ер нь манай ач зээ нар их толгойтой ш дээ. Одоогоор тэднээс маань урлагийн хүн гараагүй ч бүгд л авьяастай.

-Та морины дуугаа дуулаад хамгийн их хөлс хэдийг авч байсан вэ? Одоо хэдэн төгрөгөөр дуулж байна.

 -Чуулгад ажиллаж байхдаа бид чинь хөлс мөнгө авч дуулж байсан биш, цалингаа л авна. Би яг тэдэн төгрөг гэж ханш тогтоодоггүй юм. Урьсан хүмүүс одооны дуучдын ханшийг мэддэг болохоор тохирсон мөнгийг өгдөг. Голдуу 200-500 мянгын хооронд л дуулчихдаг. Заримдаа  үнэгүй дуулах үе ч байна. Хэдэн жилийн өмнө Солонгосын Чежү аралд очиж дуулахдаа овоо хэдэн доллар авсан. Тоог нь хэлээд яахав дээ. Боломжийн мөнгө авсан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн “Тэсийн голын хүрэн” гэдэг дууных нь клипэнд морьтой зургаа авахуулж  500 мянган төгрөг авсан. Гишүүнтэй нүүр тулж уулзаж байгаагүй ч адуун дээр очиж зураг авахуулсан. Хурдан удмын сайхан морьд хараад сэтгэл сэргэдэг хүн дээ би. Би монголд анх удаа цэнгэлдэхэд морьтой гарч дуулсан. Дараа нь 2 удаа морьтойгоо дуулсан. Цэнгэлдэх дүүрэн үзэгч бүгд босоод түрж дуулахад нүднээс өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Яармагт бас морьтойгоо дуулж байлаа.

-Та одоо хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна. Амьдралд чинь хүрэлцэж байна уу?

 -Би одоо тэтгэвэр дээрээ гавьяат цолныхоо 150 мянган төгрөгийг авдаг болохоор надад болж  л байна. Гар утас барьдаггүй болохоор элдэв зардал гарах нь бага байдаг. Анх тэтгэврээ тогтоолгочихоод байхад Норовбанзад гуай би насаараа өвгөнөөрөө тэжээлгэж байна. Өвгөн маань надаас илүү тэтгэвэр авч байна гэж ярьж байлаа. Норовоо багш маань чуулгад байхдаа ганцаараа тусгай цалин авдаг  байсан. Соёлын яамнаас шийдвэр гарч 1250 төгрөг авна. Тэр үед чинь яамны сайд нар л тийм цалинтай байсан. Би гоцлол дуучин гээд 900 төгрөгний цалинтай байсан. Хүнд мөнгөнөөс чухал нь сэтгэлийн амар амгалан хүч тэнхээ өгдөг гэж боддог. Эмнийхээ мөнгийг хүнээс гуйхгүй юмсан. Үр хүүхэддээ дараа болохгүй юмсан гэж боддог. Хүүхдүүд маань сайн сайхан яваа болохоор сэтгэл санаа ч өөдрөг, биеэ энхрийлээд л санаа зовох юмгүй сайхан амьдарч байна даа.

Таныг Есүс Христийн итгэгч  болсон гэдэг юм билээ. Өмнө нь ямар шашинтай байсан бэ?

 -Манай аав их номтой лам хүн байсан болохоор би буддын шашнаа хүндэлж сүсэглэдэг байсан. Аавын минь ах  Олдохын хийдийн хамба лам байсан гэдэг юм билээ. Өмнө нь  бусдын адил засал ном хийлгэж л байсан. Гэхдээ мухраар заавал тэгсэн ингэсэн гээд учиргүй их шүтээд сүйд болдоггүй байсан. Нуулгүй хэлэхэд засал ном хийлгэлээ гээд амьдралд маань нэг их өөрчлөлт ордоггүй байсан болоод ч тэр үү би нэг найзынхаа зөвлөсөнөөр Христийн цуглаанд очиж сонирхоод тэрнээс хойш байнга явдаг болсон. Одоо 10 гаруй жил болж байна.  Христийн шашинг би хүний сэтэххүйг их өөрчилдөг юм байна гэж ойлгосон. Ямар ч хүн хамгийн түрүүнд сэтгэл бодлоо ариусгах хэрэгтэй юм билээ. Манай урлаг соёлын олон алдартнууд Христийн шашинг шүтдэг. Манай зарим хүмүүс буруугаар ойлгоод хүлээж авдаггүй ч ямар ч шашин өөр өөрийн гэсэн давуу олон чанарууд байдаг гэж боддог.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ