Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай горимоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнийг Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцэж байгаад талархал илэрхийлэв.
ЕТГ-ын дарга инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлага байгааг онцоллоо.
Хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 350,000 төгрөгийн тэтгэвэр 150,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 480,000 төгрөгийн тэтгэвэр 20,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тэнцвэргүй байгааг тодруулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400,000 төгрөгт хүргэх шийдвэр гарсан.
Тухайлбал, 400,000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч байгаа хүний тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 465,000 төгрөг болж байгаа, үүнийг автоматаар 500,000 төгрөгт хүргэнэ. Харин 499,000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар буюу 570 орчим мянга болно гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгааг цаашид хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн байгааг нэмж тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох, ажлын гүйцэтгэл дээр нэмэгдэл олгох журам үйлчилж байгаа гэсэн тайлбар хийв.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон шийдэл болсныг тодотгож, Монгол Улсын төсөвт хүндрэл учруулах эсэх талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого давсан үзүүлэлттэй гарсан. Мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой, шаардлагагүй зардлуудыг хойшлуулах, тэвчих замаар эх үүсвэрийг гаргаж, тэтгэвэр нэмэхээр танилцуулж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "450-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй 18 мянган иргэнийн тэтгэвэр 60-70 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхээр байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлалыг цаашид анхаарах талаар санал хэлэв.
Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.