Хөгжлийн банкны найдваргүй зээлийн асуудал “босож”, бүр МоАХ нэр холбогдоод явчихав. Учир нь “Пирамид орд” ХХК компани Хөгжлийн банкнаас 2018 оны 6 сарын 19-нд “Буман залуус” залуус 296 айлын орон сууц барина гээд 15 тэрбумын зээл авчээ. Ингэхдээ МоАХ-ны газрыг барьцаалсан. МоАХ байрлах Ардчиллын ордон нийслэлийн А бүс, 11 дүгээр хороололд байрладаг. МоАХ-ны байрны газрыг барьцаалсан энэхүү зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, зээлийн өр төлбөр 23 тэрбумд хүрчээ.
Уг нь МоАХ 1989 онд үүсгэн байгуулсан улс төрийн хөдөлгөөн. Монголын ардчилсан холбоо буюу Ардчиллын партизануудын цөөнгүй нь ертөнцийн жамаар мөнх бусыг үлдсэн нь Хөгжлийн банкнаас газраа барьцаалаад 15 тэрбумын зээл авах сүйхээтэй хүн байхгүй. Хоёр өрөө байр бэлгэнд авснаа бурхны хишиг гэж боддог улс. Гэтэл энэ байгууллагыг 2015 оны 7 сарын 02-нд УБЕГ бүртгүүлж, тус холбооны хувьцаа эзэмшигч болон төлөөлөх ганц хүн нь Х.Баттулга болсон байна.
Ингээд “Буман залуус” хороололтой экс ерөнхийлөгч нэр холбогдоод явчихав. 21 аймагт 60 тэрбумаар 40 сүүний үйлдвэр байгуулна гэж Хөгжлийн банкнаас зээл авсан ч нэг ч цех бариагүй улсын дэргэд хороолол босгожээ. Гэхдээ “Буман залуус” хороололд бужигнаан тасрахгүй байна.
Хоёр гурван жилийн өмнө л гэхэд Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман залуус” хотхоны 16 давхар барилгаас хоёр эмэгтэй үсэрч, амиа хорлохыг завдсан. Тус барилгад ажиллаж байсан тэд ажлын хөлсөө авч чадахгүй, бүр цөхөрсөндөө тийм үйлдэл хийснээ цагдаагийнханд тайлбарласан. Тухайн үе “Буман залуус”-ын удирдлага асуудлыг газар дээр нь шийдэн, хоёр ажилтанд цалинг нь нөхөж олгосон байдаг.
Мөн “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонд өөрийн ажилласан хөлс болох 2.2 тэрбум төгрөгөө залилуулсан гэж иргэн Д.Батжаргал хэвлэлд хандаж байлаа. Тэрбээр “Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол надад үхэхээс өөр сонголт алга. Үр хүүхэд, хань ижлээ өртэй үлдээнэ гэхээр үхэх ч эрх алга” гэсэн. Тэрчлэн “Энэ асуудлаар ТЕГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн. Гэвч татварынхан “Пирамид орд” ХХК шалгуулахаар авчирсан санхүүгийн бүх материалууд нь хулгайд алдагджээ. Тэгсэн болохыг нь цагдаагийн байгууллага батлан албан бичиг хийж өгсөн байна. Тиймээс шалгах явц удаашраад байна” гэсэн хэмээн ярьж байлаа.
Мөн Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах "Буман залуус" хорооллын гадна оршин суугчид өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлчээр жагссан. Тус байрны 300 гаруй өрх 2-3 жилийн өмнөөс байрны гэрчилгээ авахаар хүлээж байгаа ч гэрчилгээг нь барилга барьсан компани нь ББСБ, хувь хүмүүст давхар барьцаанд тавьжээ. “Буман залуус” хорооллын 300 өрхийг хуурч, орон сууцыг нь банканд барьцаанд тавьсан гэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
“Буман залуус” хорооллын СӨХ-ны дарга А.Амартуяа "Энэ барилгыг “Пирамид орд” гэх компани барьсан. Уг байрны 300 өрх гурван жилийн хугацаанд ордероо авч чадаагүй байна. Судлаад үзэхэд тус компани энэ байрыг ББСБ, хувь хүмүүст барьцаанд тавьсан юм билээ. Барьцаанд тавьсан энэ их зээлээсээ нэг ч мөнгө төлөөгүй байна. Оршин суугчид бид нийлээд шаардлага тавихад тус компани огт тоодоггүйгээр барахгүй хууль хяналтдаа мэдэгд гэж хэлдэг. Хууль хяналтад мэдэгдээд явахаар тоймтой хариу өгч шийдвэр гаргадаггүй аргаа бараад байна. Энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол 300 айл өрх орон гэргүй болох дээрээ тулаад байна. Улсын комисс яагаад ийм барилга барих зөвшөөрөл олгосоныг бид ойлгохгүй байна" гэж ярилцлага өгсөн удаатай.