Ерөнхий сайд асан Санжийн Баяр Монголын улс төрд хамгийн сонирхолтой, олны анхаарлыг татсан улстөрч байсан болов уу. Ерөнхий сайд, МАН-ын даргын албаа сайн дураараа өгч, улс төрөөс сайн дураараа явж чаддагаа харуулсан. 61 насандаа жил гаруй шоронд сууж үзсэн. Дэлхийд тэргүүлэх хоёр хөрш, гүрнээ давж, Оюутолгойн гэрээг анх үзэглэх замыг зассан. Энэ гай гавьяа, алдаа оноо энэ хүнд л очно.
Одоо төр засаг, нам төрийн ямар нэг ажилгүй, хааяахан санал бодлоо твиттерээр ёжтой илэрхийлдэг. Хөгжлийн банкны асуудал ч Ерөнхий сайд асан Санжийн Баярын анхаарлын гадна үлдсэнгүй. Тэрбээр "Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана"гэлээ.