alim.mn | 2024.12.23
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭНГ 500 МЯНГАН АМ ДОЛЛАР БУЮУ 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЖЭЭ

Монгол ардын нам Ардын намд хатиг бэтгэ шиг болчихсон, нам ялангуут хамгийн түрүүнд албан тушаалд очдог, гараас нь олигтой ажил гардаггүй хэдэн хашир хөгшид байна. Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Хоохорын Бадамсүрэн 2017 онд 500  мянган ам. долларын урамшуулал авсан байдаг. МАН-ын ахмад гишүүн Хоохорын Бадамсүрэн 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Өмнөговьчууд энэ хүнийг дахин төлөөллөө болгон сонгоогүй нь учиртай болов уу. Эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэн намтартаа Төрийн албанд 32 жил ажилласан. Үүнээс улс төрийн албанд 4 жил ажилласан гэж гайхуулдаг, хийж бүтээсэн нь хэр юм бол доо. Юутай ч Хэнтийн Бор-Өндөрийн жоншны уурхай, Дарханы төмөрлөг, "Монголросцветмет" нэгдлийн захирлаар ажиллаж байсан. Сонголросцветмет нэгдлийн даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт нэр холбогдож, хэцүү нэртэй газар хоригдох шахсан. Москва хотод ажлаар явж байгаад хүнд аво осолд орсон, хугараагүй яс гэж үлдээгүй, өнөө маргаашгүй болсон гэж өрөвдүүлсээр уснаас хуурай гарсан. Явсан газар болгонд нь лицензийн хулгай, өр шир түүх болон үлддэг гэж учир мэдэх хүн шүүмжилж байна. Гэвч тэтгэвэртээ гарах дөхсөн Х.Бадамсүрэн албан тушаалын буухианаас хоцорно гэж үгүй. 2016 онд Монгол Ардын нам 65 суудал парламентад авч, албан тушаалаа хуваах гэж бөөн юм болсон. Олон сайхан залуус тойргийн гадна үлдсэн. Гэтэл сайнаасаа илүү саараар хэвлэлээр бичигддэг Х.Бадамсүрэн Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд боллоо. Удалгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болон үеийнхээ хөгшдийг хол хаялаа. Харин олон нийт 100 жилийн ойгоо удахгүй тэмдэглэх, 100 гаруй мянган гишүүнтэй энэ том намаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очих хүн олдоогүй юм байх даа гэж халаглаж байлаа. Төрийн өндөр алба хашаад гялалзсан амжилт үзүүлдэггүй ч Х.Бадамсүрэн өөрөө улам баяжиж Лексус 570 маркийн үнэтэй алтан эмээл тохож, адуугаа арабын баячууд шиг жүчээнд байлган эрхлүүлж байна. Налайх орчмын иргэд Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн нэг сумын дунд сургуулийн байр шиг том жүчээнд араб азарга, гүүгээ тусгай малчнаар маллуулж зугаацдагийг хоёр нүдээрээ харсан гэж ярих юм билээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын 27 сая төгрөг. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлуудад сарын цалингаас гадна урамшуулал гэж тоо томшгүй мөнгө авдаг юм байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд урамшуулал нэрээр 3 сая 260 мянган ам.доллар хуваан авчээ. "Стандарт" банкны өрийг 40 сая доллар өгөөд хаачихлаа, баяр хүргэ гэх нь холгүй сүржигнэж байсан. Гэтэл сүүлийн үе 115 сая ам.долларын өрөө гурав хуваан төлөхөөр болсон, эхний 40 сая доллароо л өгсөн гэж яригдаад эхэллээ.
Монгол Ардын нам Хоохорын Бадамсүрэнд ямар өртэй болохоороо гуутай бурхан шиг тахичихаад хамаг өнгөтэй өөдтэй үйлдвэрт ээлж халаагүй даргаар томилж, тоглуулж суудаг юм бэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ