"Фантастик" продакшнынхан "Хоёр монгол хүн нийлэхээрээ архи ууж, гурван монгол бол зодолдоно. Монголчууд хэзээ ч хамтарч чаддаггүй" гэх үгийг няцааж байгаа залуус. Сүүлийн 10 гаруй жил, 10 хол давсан тооны залуус атгасан гар шиг нэгдэж, тэр хэрээр хийсэн кино бүтээл нь ч амжилтад хүрдэг. Тэд "Би биш бид" гэсэн уриатай аж. Юутай ч тус продакшны хамгийн эрх гэж болох, мөн өвөрмөц дүрийг сайн бүтээдэг Б.Барслхагва найз нөхөдтэйгээ нэгдэн ажиллах болсон тухайгаа ийн бичжээ. Тэрбээр:
"2013 онд “Миний ах атаман” кинонд тоглох гээд С1-н Баттөмөр Амаржаргал боссоос чөлөө гуйсан чинь өгөх боломжгүй гэдэг юм байна. За тэгээд олон жил ажилласан хамт олон, дассан газраа хаяад кинонд тоглохоор сэтгэл шулуудлаа. Тэгээд тэр өдөр бүх ажлаа хаяад гарсан даа. Тухайн үед их л хүнд шийдвэр байж. Тэгээд энэ хэдэн сэгсийсэн найзууд дээрээ ирээд ажлаасаа гарчихлаа гэсэн чинь энэ хэд бөөн баяр болоод эморч явсан намайг огт харамсах сэтгэлгүй болгож билээ. Намайг ажлаа хаясныг бүр тэмдэглээд үүр цайтал, нохой гурав харталаа… Тухайн үед манай хэд яг энэ зурган дээрхи шиг бөгжтэй. Надад байдаггүй… Энэ бөгжгүй л бол гадны хүн юм шиг мэдрэмж аваад тун хэцүү. Хэлж чадахгүй. Байнга бодоостой. Тэгсэн 2015 онд Увс аймагт киногоо гаргаад явж байх үед миний төрсөн өдөр таарав. Энэ муу хэд бүр таг шүү. Мэнд ч байхгүй. Төрсөн өдрөөрөө хөдөө нулимс Баяраа Болор Эрдэнэ бид хоёр хоюулхнаа. Уур ч хүрээд энэ хэддээ гомдох маягтай өглөө эхэллээ. Өдөр киногоо гаргаж дуусаад ганц юм аваад дүүтэйгээ буудалдаа орсон чинь манай нөгөө нулимс Баяраа -Ах нар танд төрсөн өдрөөр чинь өгөөрэй гээд надад энийг өгсөн юм. гээд жижиг хайрцагтай юм гаргаад ирлээ. Нээгээд үзтэл энэ бөгж. Би гэдэг хүн чинь яасан их баярласан гэж санана. Тэгээд дөнгөж задалж зүүгээд сууж байтал манайхан миний төрсөн өдрийг тэмдэглэж эхэлснээ албан ёсоор дуулгалаа. Нулимсаа нуугаагүй ээ. Тэгээд дараа энэ бөгжөө бүр хайгаад олохгүй байсан юм. Өнөөдөр харин санаандгүй оллоо. Сэтгэл хөдөллөө. Энэ бөгж чухам хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй юм. Үнэтэй байж шалихгүй л дээ. Гэхдээ миний сэтгэлд орших найзуудын минь тухай сайхан дурсамжыг хадгалж байдаг үнэлж баршгүй эд байгаа юм. Сэгсгэрүүд ээ!!! Миний Фантастикт орсон түүх энэ билээ" гэжээ.