Хоёрдугаар сарын 13-нд Киевээс Украины бизнесмэнүүдийн суусан 20 орчим чартер болон хувийн онгоц Киевээс ниссэн нь сүүлийн 6 жилд ажиглагдаагүй зүйл байсан тухай “Украины үнэн” хэвлэлд мэдээлжээ.
Forbes-ын жагсаалтад хамгийн баян украинчуудын №1-т ордог Ринат Ахметов болон 55-р байрт жагсдаг Борис Колесников нарын хувийн онгоц хилийн чанад руу нисчээ. Украйны тэргүүн баян Ахметов нэгдүгээр сарын 30-нд ниссэн. Харин 13-нд түүний нэг онгоц ниссэн гэнэ. Тэгэхээр гэр бүл, хамаатан саднаа ойр дотныхноо Украйнаас онгоцоор хоёр удаа зөөсөн бололтой. Харин тэрбумтан Колесников Украиндаа байгаа бөгөөд хаашаа ч явах бодолгүй гэж байна гэж мэдэгджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд олон бизнесмэн Украиныг орхин гарсан юм. Тухайлбал,
-Нэгдүгээр сарын 30-нд Виктор Пинчук (Forbes-ын жагсаалтад №2),
-Хоёрдугаар сарын 10-нд Вадим Новинский (№8) мөн Александр Ярославский (№9),
-Хоёрдугаар сарын 12-ндВасилий Хмельницкий (№29), Вадим Столар (№64),
-Хоёрдугаар сарын 13нд Андрей Ставницер (№49), Вадим Нестеренко (№96) нар гарчээ. Ставницерийн төлөөлөгч томилолтоор явсан, удахгүй ирнэ гэсэн байна.
Хмельницкийн хэвлэлийн албанаас түүний өмнө нь төлөвлөж явсан, хоёрдугаар сарын 20-нд эргэн ирнэ, бизнесмэний хүүхдүүд Украиндаа үлдсэн гэжээ. Украины бизнесмен, «Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө» намын гишүүн Игорь Абрамович Киевээс Вена руу нисэх, 50 хүний суудалтай онгоцыг төрөл төрөгсөд, намынхан, бизнес түншүүддээ зориулан захиалсан гэнэ.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт Оросыг Украин руу хэзээ ч дайрч болзошгүй, Олимпийн наадмын үеэр ч дайрч мэднэ гэж анхааруулжээ. Америкийн тагнуул, цэргийнхэн хоёрдугаар сарын 16-нд дайрч болзошгүйг НАТО-д сануулсан байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан, АНУ нарийн хугацааг хэлж чадахгүй гэсэн. Оросын төр засгаас харин Украин руу дайрахаар төлөвлөсөн зүйл байхгүй гэж мэдэгдсээр байгаа билээ.