ДАМИРАНГИЙН ЭНХБАТ, И.ДАЛХСҮРЭН, “АРД” БАТСҮХЭЭС УУЧЛАЛ ГУЙХ УУ?
Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гараад 22 жил боллоо. Энэ хэрэгт буруутгаж Содномдаржаа, Чимгээ нарын хүмүүсийн гэм буруутайг тогтоож, шүүхээс яллагдагч нарт хорих ял оноосон.Энэ хэрэгт буруутгаж Дамирангийн Энхбат, И.Далхсүрэн, түүний эхнэр И.Далхаа, "Ард "Батсүх, Энхболд, “Цагаан шонхор”-ын Энхтайван гэхчлэн 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байсан юм. Энэ хэрэгт буруутгаж Содномдаржаа, Чимгээ нарын хүмүүсийн гэм буруутайг тогтоож, шүүхээс яллагдагч нарт хорих ял оноосон. 17 жил үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа сая дууслаа гэсэн ч эргээд задарч, Содномдаржаа нарын өмөөрсөн хүмүүс олон байна. Энэ 20 гаруй жилийн хугацаанд энэ хэргийг шалгаж байсан үе үеийн ажлын хэсгийнхэн олон хүнийг хэрэгт сэжиглэж, улмаар аминд нь ч хүрсэн ноцтой хэлмэгдүүлэлт үргэлжиллээ. С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хамгийн ихээр хэлмэгдсэн хүн бол талийгаач Дамирангийн Энхбат байлаа. Түүнд энэ хэргийг тохохын тулд 2003 онд Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга Б.Хурцаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Францаас түүнийг хүч хэрэглэн баривчилж, Англи, Герман улсаар дамжуулан Монголд авчирсан билээ. Энэхүү баривчилгаатай холбоотойгоор Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Англид баривчлагдан шалгагдаж байсан удаатай.
Д.Энхбатад тагнуулынхан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг тулгаж, тэрээр 2004 онд хорих газраас суллагдаад хэдхэн хоногийн дараа өвчний улмаас нас барсан билээ. Хууль хүчний байгууллагынхан Д.Энхбатыг хэлмэгдүүлээд зогсохгүй түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнг энэ хэрэгтэй холбоотойгоор төрийн нууц задруулсан хэргээр хорих ял оноосон. С.Зоригийн хэрэгт сэжигтнээр шалгагдсан Д.Энхбатын үр хүүхдүүд эх орондоо ч амьдрах аргагүйд хүрч харь оронд оршин суугаа. Талийгаач Д.Энхбатын хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 2011 онд захидал илгээж байлаа. Тэдний ирүүлсэн захидалд “Бидний аав Д.Энхбат 2004 онд хорих ангиас суллагдаад хэдхэн хоногийн дараа нас барсан. Өнөөдрийг хүртэл С.Зориг гэдэг хүний үхэлд буруутгагдаж, тэр нь нотлогдоогүй байсаар байтал аавыг минь цагаатгаасай, муу хүн байгаагүй гэдгийг хэлэх хүслээ тэвчин тохиромжтой цагийг хүлээж байлаа. Тэр цаг нь өнөөдөр тохиосонд бурханд бид талархаж байна. Англи улсад Б.Хурц гэдэг хүнийг саатуулж, шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэг хууль бус, хүний амьд явах эрхэнд халдсан ноцтой явдал байсан гэдгийг нотолсоор байна. Бидний аав зохион байгуулалттай хилс хэргийн улмаас эрүүдэн тамлуулж, амиа алдсан нь үнэн тул аавын минь нэр төрийг албан ёсоор сэргээж өгнө үү” гэсэн байдаг.
Д.Энхбатын эмгэнэлтэй хувь заяа ижил хэлмэгдүүлэлт И.Далхсүрэн гэдэг эгэл жирийн хөдөөний нэгэн залууг ч тойроогүй юм. И.Далхаасүрэнг мөн С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, зургаан жилийн хугацаанд монголын томоохон шорон, мөрдөнгөөр дамжуулан тарчлаан зовоосны эцэст тэрээр амиа алдсан билээ. Хүүхдийн колонид орж дэггүй явсаныхаа шийтгэлд тэрээр ийнхүү том золиос болсон байдаг. Энэ мэтээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж, рецидив хэрэгтэн гэх Энхболд, Эрдэнэ-Очир, бэлтгэл офицер Г.Отгонбямба, ах дүү Баатаржав, ард Я.Батсүх гэхчлэн олон хүнийг хамарчээ. "Ард" Батсүх саяхан насан эцэсэлсэн. Онц ноцтой хэрэгт холбогдсон л бол дээрх хэрэгт холбогдуулан шалгадаг, тарчлаан зовоодог хэлмэгдүүлэлт өрнөж иржээ. Хэдий гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдож явсан ч хийгээгүй хэргийн төлөө байцаагдаж, эрүү шүүлтэнд орж, эцэст нь алтан амиа алдана гэдэг харамсалтай.