alim.mn | 2024.12.23
“Сум хөгжүүлэх сан”-гийн гишүүнээр сонгогдсоноо “мэдээгүй” ч хүүдээ 80 сая төгрөгийн санхүүжилт авч өгчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч З.Зэмбэ нь 70 гарсан өндөр настай тул өөрийг нь “Сум хөгжүүлэх сан”-гийн төлөөлөгчөөр томилсоныг мэдээгүй байсан гэдгийг ойлгож болох талтай. Гэсэн ч мэдээгүй явж байгаад мэдсэн хойноо өөрийн гэр бүлийн боловсруулсан гэх “Бүтээлч сум” төсөлд 80 сая төгрөгийн санхүүжилт авч өгчээ. Өдий хэмжээний хөрөнгө гэхээр нэг сумын сангийн ихэнхи мөнгийг ганцаараа авсан байна. Тэрээр сонгогдонгуутаа ИТХ-ын анхны хуралдаан дээр төлөөлөгчдийг юу ч хийхгүй байна хэмээн шүүмжлээд өөрөө хүүгээрээ дамжуулан ажиллахаар болжээ. Хүү нь 14 хүнийг ажлын байраар хангасан, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоосгоны үйлдвэрийн төсөл бичсэн байжээ. Харин хүү нь уг төслийг ээжээрээ бичүүлсэн гэжээ. З.Зэмбэ гуай 70 гарсан бол эхнэр нь хэдий настайг таамаглаж болох агаад өндөр насандаа 80 саяын төсөл бичиж чадсан ур чадварыг нь магтах хэрэгтэй байх.  Гэхдээ тэднийхэн үйлдвэрээ 200 гаруй сая төгрөгөөр босно хэмээн тооцоолж 120 сая төгрөгийн төсөл бичээд ердөө 80-хан саяыг л авсан гэжээ. Мөнгөө аваад хүү нь Дорнод аймаг болон Хятадын  Улиастай явж судалгаа хийжээ. Жилийн дараа тоног төхөөрөмж нь ирж үйлдвэрлэлээ эхэлж сумын төвийнхөө замын засварын ажлыг авчээ. Үйлдвэрлэл эхлээд 3-хан өдрийн дотор 20 мянган ширхэг өнгөт хавтан үйлдвэрлэсэн ч цаг агаарын байдлаас болж зогсжээ. Ажилчдыг нь сургах ёстой байсан хятад инженерийн виз бүтээгүй гэнэ.  Энэ мэт шалтгаанаас болж тоосгоны үйлдвэр ажиллаад л зогсжээ. Гэрээ ёсоор 2018 онд зээлээ төлөх ёстой байсан ч Засаг даргадаа хүсэлт гаргаад нэг жилээр сунгажээ. Гэсэн ч сунгасан хугацаандаа бас л төлсөнгүй. ИТХ-ын төлөөлөгчийн эхнэр хүү хоёр  80 сая төгрөгөөр яг юу хийснийг Зэмбэ л мэднэ гэж өөрсдөөсөө булзааруулсан  Харин өндөр настан “авсан нь үнэн тул төлөх нь үнэн” гэсэн албаны хүний баттай хариу өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ