alim.mn | 2024.12.24
О.Баасанхүү: Х.Баттулга гүтгүүлсэн юм бол нэрээ цэвэрлэ. Буруутай бол ял зэмээ ав!

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж тус намаас сонгогдож байсан экс хоёр Ерөнхийлөгчийг сайн дураараа шалгуулахыг уриаллаа.

Энэ талаар АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү "Ц.Элбэгдорж АН-ын нэрээр хоёр удаа сонгогдсон. Тэр хүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйл ярьдаг. Ажлаа өгснөөс хойш таван жилийн хугацаанд юуг ч шийдээгүй байна. Улс төрчид нэрээ цэвэрлэж авах ёстой. Хэдэн жил муулуулсан ч үнэн худал нь ойлгогддоггүй. Тиймээс олон нийт ямар нэг асуудалтай гэж хардаг. Ардчилал шударга, хуулийн дагуу, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч буруутгаж нэр, хоч өгөх ёсгүй.

Улс төрийн хариуцлага үүрсэн албан тушаалтнууд сайн дураараа шалгуулах ёстой. Хөгжлийн банкны зэрэг янз бүрийн асуудлаар Х.Баттулгын талаар сүүлийн үед их ярьж байна. Гүтгүүлсэн юм бол нэрээ цэвэрлэ. Үнэхээр буруутай бол ял зэмээ ав. Ингэж сайн дураараа шалгуулахыг АН-аас уриалж, үүрэгжүүлж байгаа юм.

Харамсалтай нь Х.Баттулга гэдэг хүн АН-д ямар ч хамааралгүй болсон. Тэрбээр одоо МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа. Тиймээс МАН Х.Баттулгыг сайн дураар шалгах ажлаа эрчимжүүлээрэй. Мөн намын нэртэй холбоотой асуудал учраас бид Ц.Элбэгдоржийг шалгуулахыг шахаж, шаардах болно” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ