Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор "Үзэл баримтлалын онолоо танилцуулах аян"-ыг орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд аймгуудыг "Унаажуулах төсөл"-ийг эхлүүлээд байна. Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний 12 аймаг, дүүрэгт "УАЗ Хантер" загварын автомашиныг нь хүлээлгэж өгсөн. Үүнээс өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Увс, Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгуудад автомашиныг нь хүлээлгэж өгсөн. Цаашдаа нийт 31 аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагыг унаажуулж, УАЗ Хантер машинаар хөл залгуулах нь. Харин Ардчилсан намын нэгэн гишүүн Намынхаа даргатай зэрэгцэн машиныг баруун солгойгүй тараах болжээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Зайсан Хилл”-д болсон Ардчилсан намын шинэ жилийн баярын цэнгүүнээр намын гишүүдийнхээ дунд 10 ширхэг цоо шинэ "УАЗ-Хантер" автомашины сугалаа явуулсан. Маргааш нь сугалаанд хожсон азтнуудын автомашиныг эздэд нь хүлээлгэн өгчээ. Ардчилсан намын шилмэл 500 хүн оролцсон шинэ жилийн цэнгүүнд хот, хөдөөгийн салбар хороодын бүх шатны төлөөллүүд оролцсон билээ. Б.Наранхүүгийг сугалаагаар Ардчилсан намын Төв, Өмнөговь, Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймгийн гишүүд азтан болсон байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн машины бэлэг үүгээр дууссангүй. Өнгөрсөн Наурызын баяраар УИХ-ын гишүүн Б.Наранхүү Баян-Өлгий аймагт гэнэт зочилжээ. Энэ үеэрээ Б.Наранхүү гишүүн Баян-Өлгий аймгийн АН-ын үйл ажиллагааг дэмжин аймгийн төвд нь нэг машин, мөн Булган, Улаанхус сумын Ардчилсан намд тус бүр нэг машин бэлэглэжээ. Тэр үдшээ Баян-Өлгий аймагт хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулж, бас л хоёр иргэнд УАЗ Хантер машин сугалаагаар өгөхөөр болжээ. Шинэ жилээр Санта бэлэг тараадаг бол Наурызаар Наранхүү гишүүн Баян-Өлгийд очиж султан шиг баруун солгойгүй бэлэг тарааж, баян-өлгийчүүдийг баярлуулжээ.