“Forbes” сэтгүүл шоу бизнесийн хамгийн их орлого олсон төлөөлөгчдийн шинэ жагсаалтаа танилцуулав. Энэ жагсаалтыг Шинэ Зеландын кино найруулагч Питер Жексон тэргүүлжээ. Өнгөрсөн 2021 онд тэрбээр 580 сая ам.долларын орлого олсноор тэргүүлжээ. Кино урлагийн хамгийн алдартай студийн нэг болох тусгай эффектийн “Weta Digital” студиэ Америкийн программ хангамжийн “Unity Software” компанид 1.6 тэрбум ам.доллароор худалдсанаа “Бөгжний эзэн” гурамсан киноны найруулагч (The Lord of the Rings, 2001-2003) өнгөрсөн 11 дүгээр сард зарласан юм. Энэхүү “наймаа” нь Жексонд “Forbes”-ийн жагсаалтад тэргүүлэх байрыг авчирснаас гадна, Стивен Спилберг, Жорж Лукас хоёрын дараа гуравт бичигдэх тэрбумтан найруулагч болгожээ.
Жагсаалтын хоёрдугаарт 435 сая ам.долларын орлого олсон Америкийн дуучин, хөгжимчин Брюс Спрингстин бичигджээ. Тэрбээр өөрийн дууны бүх каталогийн эрхийг “Sony” компанийн хөгжмийн хэлтэст 500 сая ам.доллароор худалдсанаар аман хүзүүджээ.
Америкийн рэп дуучин Жей-Зи (340 сая ам.доллар), жүжигчин Дуэйн Жонсон (270 сая ам.доллар) нар гурав, дөрөвдүгээрт жагсаж, айргийн тавд, Америкийн дуучин Канье Уэст 235 сая ам.доллар "олж" орсон аж.
Шоу бизнесийн хамгийн их орлоготой бүсгүйн жагсаалтыг 12 дугаарт бичигдсэн Америкийн жүжигчин Риз Уизерспун орсон байна. Тэрбээр наймдугаар сард “Hello Sunshine” хэвлэлийн компанийнхаа нэг хэсгийг хөрөнгө оруулалтын “Blackstone” группт 900 сая ам.доллароор худалджээ. Үүнээс гадна, жүжигчин бүсгүй “Өглөөний шоу” (The Morning Show, 2019) цуврал киноноос 20 сая ам.долларын орлого олсон байна.
Шоу бизнесийн хамгийн их орлоготой 25 төлөөлөгчийн нийт орлого өнгөрсөн онд 4.4 тэрбум ам.долларт хүрчээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд алдартнуудын дийлэнх нь шинэ уран бүтээл хийгээгүй ч энэ амжилад хүрснийг “Forbes” онцолжээ.