alim.mn | 2024.12.23
АРХАНГАЙН 45 ААН НИЙЛЭЭД ЖДҮХС-ГААС 850 САЯЫН ЗЭЭЛ ХҮСЭЖ,  Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ЭЭЖ ГАНЦААРАА 700 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд ээлж дараалан илэрсэн. Гэтэл УИХ-ын гишүүд дотроос төдийгүй үеийнхнээсээ хамгийн азтай, албан халбага зууж төрсөн гэж болох Г.Тэмүүлэнгийн ээжийн компани ЖДҮХС-гаас зээл авсан нь ил болсон билээ. Г.Тэмүүлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү, ээж нь хотын хамгийн хөлтэй газар болох “Говь” сауны эзэн. Хадам аав нь Ханбүргэдэй их дэлгүүрийн эзэн. Г.Тэмүүлэн өөрөө Америкт их сургуууль төгсөж ирснээсээ хойш Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, Төрийн хяналтын тэргүүний ажилтан, Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, Дэд сайд гээд албан тушаалын шатаар тасралтгүй өгсөж яваа нэгэн. Гэтэл Говь спа цогцолбор  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээл авчээ. Тус цогцолборын эзэн нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Довдонгийн Дэнсмаа. Ээж Д.Дэнсмаа нь 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт 300 сая төгрөгийн хандив өгчээ. Тэгвэл энэ нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн. Тэгэхээр хүү Г.Тэмүүлэндээ ээжийнх нь компани 300 сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг.

МУИС-ийн профессор, эдийн засагч Б.Оюунтөгс:  “Өнөөдөр нэг гишүүний хамаарал бүхий компани, иргэнд өгсөн 950 сая төгрөгөөр нэг аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих боломжтой  байсан. Жишээ нь, 900 сая төгрөгөөр ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн Архангай аймгийн 45 ААН, иргэнд зээлд хамруулчих боломжтой эх үүсвэр байсан байна. Учир нь, 45 зээлдэгчийн хүссэн санхүүжилт нь нийлээд 850 сая төгрөг болж байна” гэж ярьсан. Архангай аймгаас сонгогдсон ганц гишүүний ээж 750 саяын зээл ЖДҮХС-гаас авчээ. Тэгэхээр 45 иргэн нийлээд 850 саяын зээл хүссэн гэхээр 45-уулаа биш ч, 40 Аж ахуйн нэгж зээл авах боломжийг хаасан гэхэд хатуудахгүй болов уу.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ