Нэг үе буюу 12 жил хамтдаа амьдарч, Холливудын “Алтан хос” гэж өргөмжлөгдөж явсан хоёр, нэг гэрт багтахаасаа өнгөрч, шүүх цагдаагаас салахаа больжээ. Саяхан Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг Францын”Chateau Miraval” дарсны үйлдвэрийн хувьцаагаа өөрт нь хэлэлгүйгээр Оросын олигарх Юрий Шефлерт худалдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргав.
Тэд Францын Корренс муж дахь “Chateau Miraval” дарсны үйлдвэрийн хувьцааг хайр сэтгэлтэй хос, хамтран амьдрагч гэр бүл байхдаа хамтран худалдаж авч байжээ.
Оросын шинэ баян, олигарх Юрий Шефлер “Тенуте дель Мондо” нэртэй компанийг удирддаг. Столи группын охин компани болох “Тенуте дель Мондо”-д хувьцаагаа өгсөн Анжелина Жолиг гэрээгээ цуцалж, уг хэлцэлтэй холбогдох хохирлыг нь барагдуулаж өгөхийг Брэд Питт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ.
Брэд Питт, Жоли хоёр дарсны үйлдвэрийг 2008 онд 28.4 сая ам.доллараар худалдаж авсан. Харин 11.36 сая буюу ойролцоогоор 40 хувийг нь Анжелина Жоли гаргасан байна. Түүнчлэн “Дарсны үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тулд маш их мөнгө зарцуулсан. Энэ бизнест хамгийн их цаг зав, хөлс, мөнгөө урсгасан хүний эрхийг зөрчиж байна” гэж Брэд Питт заргалджээ. Мөн Анжелина Жоли тэр хоёр харилцан зөвшөөрөлгүйгээр дарсны үйлдвэрийг хувьцаагаа зарахгүй гэж тохирсон гэв.
Анжелина Жоли хувьцаагаа оросын олигархид худалдсан гэдгийн Брэд Питт өнгөрсөн оны аравдугаар сард мэдсэн байна. 2014 онд гэрлэж, 2016 онд салсан сайхан хос хоёр сүүлийн таван жилийн хугацаанд олон төрлийн маргааны улмаас хууль шүүхийн үүднээс салах шинжгүй байна.