Дээрх асуултад АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан комиссар Н.Тэмүүлэн дараах хариултыг өгөв:
Авлигын эсрэг хуулийн 18.6 дугаар зүйлд Авлигатай тэмцэх газар нь тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, энэ хуульд заасан журмыг баримтална.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас хүлээн авахаас гадна гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байдаг.
Нийтийн цахим сүлжээ, өдөр тутмын хэвлэлүүдэд гарч байгаа тус газрын харьяалан шалгах гэмт хэргийн талаарх мэдээллийг нягтлах, гэмт хэргийн шинжтэй байвал мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.
Сэтгүүлчид, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцогч аливаа этгээд мэдээллийг олж авахдаа эх сурвалжаа нууцлахаар тохирсон, мөн эх сурвалжаа ил болговол бусдын нэр төр, алдар хүнд, бизнесийн нэр хүндэд хор нөлөө учруулна гэж үзэж байвал мэдээллийнхээ эх сурвалжийг хэлэхээс татгалздаг.
Мэдээлэлд дурдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах ажиллагаа явуулдаг. Санхүүгийн бичиг баримт гаргуулах, тухайн үйл явдлыг мэдэх гэрчүүдтэй уулзах мэдүүлэг авах зэргээр бодит үнэнийг тогтооно.
Түүнээс мэдээлэл бэлтгэн нийтэлсэн сэтгүүлчээс баримт шаардаж, мэдүүлэг авах боломж нь хязгаарлагдмал. Тухайн сэтгүүлч өөрийн олсон мэдээлэл, баримтаа шалгуулахаар АТГ-т хандах эрх нь нээлттэй.