Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа улс орон даяар ИТХ-ын төлөөлөгчид ухаалаг таблетээр хангагдсан. Иж бүрэн цахим хэрэгсэлтэй болсон эрхтэн дархтан гэвэл тэд нар л байна. Чингэлтэйн ИТХ-ын төлөөлөгчид ч ийм маягийн “аянаас” хоцроогүй. Оны өмнөхөн тэд төсвийн 199 сая төгрөгөөр цахимжиж амжжээ. Цахимжина гэдэг нь ойлгомжтой мөртлөө бас ойлгомжгүй сонсогдоно. Компьютерийн сургалтанд сууж, цахимын дээд зэргийн мэдлэгтэй болсон байж болох юм. Эсвэл өндөр үнэтэй цахим хэрэгслээр хангагдсан байх магадлалтай. Өндөр үнэтэй таблет авсныгаа цахимжсан гэж хэлж болохгүй тул сургалтанд суусан нь үнэн байж таарна. Бараг 200 сая төгрөг гэдэг нь их мөнгө. Энэ их хөрөнгөөр Чингэлтэйн ИТХ-ын төлөөлөгчид цахимжсан гэхээр цахимын мэдлэг чадвартай болсон байж таарна. Бараг л ЕБС-д мэдээлэл зүйн хичээл заах хэмжээний мэдлэгтэй болсон байх учиртай. Тэр дундаа ИТХ-ын дарга Б.Мөнхбат компьютерийн олимпиадад орох хэмжээнд хүрсэн биз. Иймд тэднээс цахимын шалгалт авч төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдсан гэдгийг нотлох шаардлага гарч байна. Дүүргийн иргэд тэднийг шалгалт өгөхийг шаардах хэрэгтэй. Уулзалтын үеэр компьютер хэрхэн форматлах, программ суулгах зэргийг асууцгаа. Хэрвээ дээрхи наад захын асуултанд хариулж чадахгүй бол Чингэлтэйн ИТХ-ын төлөөлөгчид цахимжаагүй, төсвийн 200 сая төгрөг үр ашиггүй зарцууулагдсаны баталгаа болно.