alim.mn | 2024.12.29
Гадны хөрөнгө оруулагчийг хээр очин дарамталж, хүчээр зуруулсан гарын үсгээ Төрийн ордон, УИХ-ын хаягаар хүлээн авчээ

Оны өмнө гадны хөрөнгө оруулагчийг хээр аваачин биед нь халдаж, хүчээр гарын үсэг зуруулсан хэрэг гарсан. Концессын гэрээнээсээ татгалз гэсэн шаардлага тавьж, гарын үсэгтэй бичгийг нь Төрийн ордонд, УИХ-ын хаягаар хүлээж авсан хэрэг гарсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр Олон нийтийн сүлжээний Твиттер хаягтаа энэ талаар жиргэсэн бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдааны мэдээллийг өгөхдөө жиргээнийхээ талаар нэмж тайлбар өглөө.

Энэ хэрэг 2021 онд гарсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэг Прокурорын байгууллагын хяналтанд, шүүхэд шилжих шатандаа явж байгаа юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэнийг Улаанбаатар хотын төвөөс авч явсан. Автомашинд нь хоёр хүн сууж, хотын зах руу гарч тухайн гадаадын иргэний эрх чөлөөнд халдан, зодож, улмаас концесс эзэмшиг эрхээсээ татгалзахыг шааржээ.

Тэд гадаадын иргэнээс гарын үсгийг нь авсан бөгөөд концессоос татгалзаж байгаа тухай бичгийг нь Төрийн ордны шуудангаар дамжуулан концесстой холбоотой байгууллага руу дамжуулсан байна.

Сайд Х.Нямбаатар өчигдөр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа мөн: Токиод байдаг томоохон барилгын компанийн эзнийг Монголд авчирч томоохон хөрөнгө оруулалт хийлгүүлээд, буудлынх нь өрөөнд манайхан мансууруулах ургамал нууцаар тавиад, дараа нь сүрдүүлж байгаад Монголоос гаргаж, газрыг нь авсан тохиолдол ч бий. Манай прокурорын байгууллагад ажиллаж байсан, Тагнуулын албыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институцид ажиллаж байсан, Их хурлын институцид ажиллаж байсан хүмүүс бүгд хамтран оролцож энэ дээрмийг хийсэн шүү дээ.

Тэдний гар хөл болж, тэдний тушаалаар мансууруулах бодис өрөөнд нь хулгайгаар тавьсан, энэ ажлыг гардан гүйцэтгэсэн залуу нь гэнэт хувьдаа томоохон авто угаалгын газартай болчихсон байх жишээтэй. Үнэн нүүр царай нь ийм, луйварчин болох нь тогтоогдоод явж байгаа хүмүүс өнөөдөр ард түмний нүдэн дээр шударга дүр эсгээд явж байна. Ийм юмнууд л энэ улс орныг туйлдуулж байна.

Та мэдэж байгаа, Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна. Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ.

Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгүй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй хэмээн ярьсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ