
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. Тодруулбал, 22 иргэн байнгын аж төрдөг. Тэдний олонх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон эсвэл олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй. 68 оюутантай сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.
Украинд манай улсаас Элчин сайдын яам байхгүй, Өргөмжит консул ажилладаг. Өнгөрсөн сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Одоогоор 27 оюутан Украинд байна. Өчигдөр тэдэнтэй холбоо бариад цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн, хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байна. Тэд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн.
Украинд олон улсын нислэгүүд цуцлагдсан. Эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирэхээр болж, зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна.