
Өнөөгийн Засгийн газрын хамгийн сул тал нь шийдвэр тушаал нь огт хэрэгждэггүйд байдаг. Гарсан шийдвэр тогтоолыг дагаж мөрдөх нь байтугай ойшоож тоох албан тушаалтан үгүй болсон. Цар тахлын хүндрэлийн улмаас төрийн болон төрийн өмчит компаниудыг автомашин, тавилга худалдан авахгүй, урлаг соёлын арга хэмжээ явуулахгүй, ивээн тэтгэхгүй байх зэргээр жилийн батлагдсан төсвөө 10 хүртэл хувиар хэмнэх үүргийг нэгхэн жилийн өмнө өгсөн. Засгийн газрын дээрхи тогтоолоор ялангуяа машин, тавилга худалдан авахыг шууд хориглосон ч төрийн өмчит компанийн дарга нар унаагаа юүлж офисоо гоёсоор л байна. Үүний нэг нь “УБЦТС” ТӨХК юм. Энэ компани 137 сая төгрөгөөр гоёмсог тавилга худалдан авахаар тендер зарлажээ. Тендерийн баримт бичгээс харахад л ямар тансаг сандал ширээнд залрах нь тодорхой. Цар тахлын эдийн засагт үзүүлэх хор уршиг энэ хавар илүү тод мэдрэгдэнэ хэмээн судлаачид мэдэгдсэн. Дээр нь дайн дэгдэж гадаад нөлөөлөл нэмэгдлээ. Эдийн засгийн ийм хүнд үед төр дээд зэргээр хэмнэх нь хямралыг давж гарах ганц арга хэмээн яригдаж байна. Гэтэл төрийн өмчит компанийхан зуу зуун сая төгрөгийг энэ мэтээр тансаглалд үрсээр л сууна.



