Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлох болжээ.
“Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арван хоёрдугаар сарын нэгэнд Жакийг Гүний уурхайн төслийн захирлаар томилсон. Жак компанийн гүйцэтгэх удирдлагын багт орж, Төлөөлөн удирдах зgөвлөлд ажлаа шууд тайлагнаж байжээ.
Тэрээр 20 гаруй жилийн өмнө Рио Тинто компанид ажлын гараагаа эхэлснээс хойш Палабора, Рөүб Валли, Кэйп Ламбэрт, Хөүп Даунс 4, Аргайль уурхайд гүйцэтгэх удирдлагын алба хашсан туршлагатай. Рио Тинто группийн Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн багийн техникийн хэсэгт ахлах удирдлагын албан тушаалыг 2017 оноос хашжээ. Хөрөнгө удирдлагын төвийн удирдлагын хувиар бизнес шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
Жак Вон Тондер хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээний менежментийн чиглэлээр магистрын зэрэгтэй, төслийн менежментээр бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Австралийн Байгууллагын удирдлагын институтийн төгсөгч, Уул уурхай, металлын олон улсын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн юм.
Армандо Торрес захирлын хувьд 2017 оны тавдугаар сараас өнөөг хүртэл “Оюу толгой” компанийн захирлаар ажилласан юм.