alim.mn | 2024.12.29
Кодоор онгойлгодог хаалгатай учраас өсөх идэр начин зодоон эхлэх үеэр хаалга онгойлгож чадаагүй...
Олимпийн аварга Н.Түвшин­баяр өнгөр­сөн 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр улсын начин Э.Энхбатыг онц хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрбээр өөрийнх нь үй зайгүй найз, олимпийн алт, мөнгөн медаль авахад нь бэлтгэл хангагчаар удаа дараа дасгалжуулсан, гэмтэл авахад нь үүрээд, ядарсан цагт хажууд нь явж байсан үнэнч найзаа юуны учир зодож хөнөөх болсон юм бол... 
Олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд баривчилж хорьсон. 
 Хэдийгээр өнөөдөр Н.Түвшинбаярыг эрүү­гийн хэрэгт татаж, мөрдөн байцаалт явуулж байгаа ч хамгийн гол хэрэгтэн нь Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ гэх яриа гардаг. Тэрбээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явахдаа өөрийгөө “Женко Х.Баттулгын хүүхэд” хэмээн рекламдаж явсан гэх юм билээ. Үнэндээ тэрээр Х.Баттулгын хүүхэд биш хүүхэлдэй гэж болох биз ээ.
 Хэргийг эргэн нэг сануулахад...
Тухайн өдөр Н.Түвшин­баяр, бурхан болооч начин нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх “Шангрила” зочид буудлын рестораны тусгай өрөөнд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёмбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн хол­бооны ерөнхийлөгч Х.Ундрах, найз Г.Золбоо нартай уулзсан байдаг. Тэд хоол захиалж идэхээс гадна согтууруулах ундаа уусан байна. Ингээд Булган аймгийн ИТХ-ийн дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах С.Гал-Эрдэнийн компанийн байр руу очжээ. Өөрөөр хэлбэл, өдрөөс эхэлж амссан хүмүүс С.Гал-Эрдэнийн санаачилгаар үргэлжлүүлсэн байна.
 Харин талийгаач начин тэднээс салж явсан ч Н.Түвшинбаяр утсаар удаа дараа дарамталж, залгасаар байжээ. Үүнээс үүдэн Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат аархуу, хөөрүү Н.Түвшинбаярт Э.Энхбатын талаар таагүй зүйлс ярьж, өдөөн турхирч, зодооны эхлэлийг тавьсан гэх яриа бий. Зодоон эхлэхийн өмнөхөн олимпийн аваргатай хамт ирсэн Г... гэх эмэгтэй тэндээс гарч явсан байна. Түүний дараа Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гарчээ. Тэрбээр цахилгаан шатанд суухаасаа өмнө хана түшиж, хэсэг зогсож байгаад гуйвж дайван явсан нь камерийн бичлэгт тодхон үлдсэн байдаг аж. Түүний араас С.Гал-Эрдэнэ ч мөн гарсан байна. Ингэхдээ өрөөнийхөө хаалгыг хааж байгаа нь камерт мөн бичигдсэн байгаа аж. Ингээд дотор Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар үлдсэн байна. Хэсэг хугацааны даргаа олимпийн аваргатай хамт орж ирсэн Г... гэх эмэгтэй эргэж орж ирсэн боловч, тэдний байгаа өрөө рүү орж чадаагүй байна. Хэрэг явдал цааш үргэлжилж, Н.Түвшинбаярын жолооч нар нийлж хаалгыг нь эвдэж орсон байна. Харамсалтай нь хаалгыг нь эвдэж ороход аймшигтай дүр зураг угтаж, өсөх идэр начин ухаангүй газар хэвтэж, Н.Түвшинбаяр сандал дээр сууж байжээ. Гэвч тэд эмнэлэг, цагдаа дуудахын оронд нэгэн сайтын сэтгүүлч болон “Херо” Баатарыг дуудсан гэдэг. Харин дотор байдал бишидсэнийг гадарласан Э.Энхбаттай хамт ирсэн Тулга гэгч нь тухайн өрөө рүү ороход өөдөөс нь Н.Түвшинбаяр гарч ирэн, хэвлий рүү нь цохисон байна. Аймшигт байдлыг харсан Тулга нь цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгчээ. Гэвч эмнэлэг, цагдаагаас түрүүлж тэр өрөөнд орж ирсэн С.Гал-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс хэргийн эд мөрийн баримтыг устгаж, цэвэрлэгээ хийсэн байж магадгүй гэсэн хардлага гардаг. Н.Түвшинбаяр, начин нарын дунд яс хаяж зодолдуулсан байж болзошгүй гэгдээд байгаа Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг шалгаж байгаа ч тэрээр “Согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна” хэмээсэн сурагтай. Хамгийн гол буруутан байж болох хүн өөрийнхөө компанийн байранд архидалт зохион байгуулсан, хоорондоо муудалцсан хүмүүсийг өрөөндөө орхиод түгжээд явсан С.Гал-Эрдэнэ гэсэн гомдол гардаг. Хэрвээ тэр хоёрыг хэргээр түгжиж гараагүй байсан бол зодоон болохгүй байсан. Зодоон болсон ч салгаж, нэгнийгээ хүнд бэртээхгүй байх боломж байсан. Кодоор онгойлгодог хаалгатай байсан учраас начин зодоон эхлэх үеэр хаалга онгойлгож чадаагүй гэлцэнэ. Өрөөгөө санаатайгаар цоожилж, зодоон хийх нөхцөлийг бүрдүүлж, улмаар бусдыг зодоонд турхирч, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулсан, хүн амины ноцтой эд мөрийн баримтыг устгаж, цагдаагийнхан ирэхэд цэвэрлэчихсэн сууж байсан гэх мэдээлэл яригдсаар байгааг мухарлах цаг болжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ