Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын орлогч болгохоор санал болгосон эрхэм хүнээс 500 сая төгрөг нэхсэн бичлэг тарж, А.Цэрэнсодном прокурор энэ тухай ярихдаа 5 сая долларын ноцтой авлигын тухай хөнджээ.
2010 оны 11 дүгээр сард нэгэн сонинд бага насны охидод мөнгө өгч, буруу замд уруу татдаг гэмт хэргийн сүлжээнд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг холбогдуулан бичсэн билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр 800 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандаж, шат шатны шүүхээр явж, эцсийн шатанд ялалт байгуулсан. Үнэндээ “Мон-Уран”-ы Наранхүү газар зарж хөлжлөө гэснээс авгай хүүхэн эргүүлж явна гэж дуулддаггүй сайн талтай. 15-16 наснаасаа үерхсэн охинтойгоо гэрлэж, одоо хүртэл ханилж байгаа. Харин нэг удаа САПУ-гийн Жамъянсүрэн эхнэр “Алтжин”-гийн Алтантай хардаж ярилцлага өгснийг эс тооцвол гэр бүлийн хувьд тогтвортой нэгэн. Харин нэр нэгтийн чих нэг гэгчээр Гүрсэдийн Наранхүүг Батсүхийн Наранхүүтэй эндүүрсэн гэдэг.
Өсвөр насны охидыг буруу замд уруу татдаг гэх Гүрсэдийн Наранхүү саяхан олны анхааралд орж ирлээ. Зэрэг нэмэхийн өмнөхөн гэдэг шиг А.Цэрэнсодном Ерөнхий прокурорын орлогч болохын өмнөхөн хүнээс 500 сая төгрөг нэхсэн гэх бичлэг тарж, хэл аманд өртсөн. Харин бичлэг хийсэн хүнийг охидыг худалдаж авсан Гүрсэдийн Наранхүүг гэж хардаж байгаагаа хэвлэлд ярьжээ. Тэрээр “Би Гүрсэдийн Наранхүү гэдэг хүнийг 2010 оноос таних болсон. Таних болсон шалтгаанаа ч хэлье. Надтай тэр хүнийг манай найз Ч.Отгонжаргал гэдэг залуу танилцуулж байсан юм. Тухайн үед танилцаад их ойрхон найз нөхөд болцгоолоо. Ч.Отгонжаргал нэг удаа “Наранхүү ах мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэсэн. Тэр ахад минь туслах арга байна уу” гэсэн. Манай аавд үе дамжиж ирсэн хөөрөг, охин дүүд маань ланд круйзер 200 маркийн машин байсан. Тэр машин, хөөрөг дээр нь ах дүү нараасаа жаал жуул мөнгийг нь өсгөж өгнө гээд аваад, нэг үгээр байгаа бүхнийг нь л аваад нөгөө Наранхүүд өгсөн. Гэтэл гэнэт мөнгө машин, хөөрөг аваад хэсэг хугацааны дараа таг чиг алга болчихлоо. Асууж сураглаад байсан чинь ноцтой хэрэгт холбогдсон гэж Ч.Отгонжаргал надад хэлсэн юм. Тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллараар биеийг нь үнэлсэн гэдэг хэрэгт холбогдсон байсан юм билээ. Санаж байгаа бол тухайн үед УИХ-ын гишүүн адил нэртэй хүнтэй андуурагдаж баахан шуугисан даа. Ингээд нөгөө хүн маань ийм асуудалд ормогцоо оргоод Сингапур гараад явчихсан юм билээ. Энэ хооронд би асууж сураад л байлаа. 2017 оны хавьцаа нөгөө Г.Наранхүүгийн сургийг гаргалаа. Ингээд Ч.Отгонжаргалаар дамжуулж уулзах гэж оролдоод бүтсэнгүй. Аргаа барахдаа Ч.Отгонжаргалд хэллээ. “Ер нь өргөдөл гаргаж, цагдаад шалгуулъя. Тэгэхгүй бол энэ арай л хэрээс хэтэрсэн юм боллоо” гэж. Тэгтэл тэрийг Ч.Отгонжаргал, мөн түүний найз Бат-Амгалан нар цааш дамжуулж хэлсэн бололтой. Г.Наранхүү нэг өдөр над руу уулзахаар хүрээд ирсэн. “Цагдаа хуулийн байгууллагад битгий өгөөч” гээд л гуйж байна. Ингэж байгаад нэг өдөр утсаар ярьсан юм. “Би чиний мөнгийг өгч чадахгүй нь ээ. Тэгэхдээ дөрвөн сард нэг мөнгө орж ирвэл өгнө” л гэнэ. “Чи энэ олон жил алга болчихоод...” гээд л би мэдээж уурлаж бухимдана шүү дээ. Тэр яриаг л утсан дээрээ бичиж дээ гэж бодсон. Миний мөнгийг буцааж өгөхгүй хэрнээ, тэр хооронд арав гаруй сая доллартай болсон байгаа юм. Ах нь тийм хэрэгт холбогдоод чиний мөнгийг өгч чадаагүй. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан айхавтар хэргээ нуун дарагдуулахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугтсан гэж хэлсэн. Цагдаагийн хурандаа нарт өгсөн гэдэг. Харин зуучилсан хүн нь 5 жилийн ял биеэр эдэлсэн юм билээ” гэж ярьжээ. Үүнээс өмнөхөн Цагдаагийн өндөр албан тушаалтан 1 сая доллар нэхсэн гэмт хэргийг УИХ-ын гишүүн Номтойбаяр мэдснээ ярьж байсан юм. Улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан сая сая доллар, тэрбум төгрөгийн асуудлыг үдийн будаа шиг санадаг, ярьдаг болжээ. Шударга бусын хонгилыг нураах гэж байгаа Ерөнхийлөгчийн итгэж томилох гэж байсан Ерөнхий прокурорын орлогч 500 саяын асуудалд нэр холбогдож, 5 сая долларын авлигын тухай хэвлэлийнхэнд хээвнэг ярьж суухад хэндээ итгэх билээ.