Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь нийт есөн банкнаас эдүгээ дампуурлаа зарласан “Капитал”-ыг сонгон 2014 оны 10-р сарын 18-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл тухайн үед уг банк нь хувь нийлүүсэн хөрөнгө, ашиг алдагдал зэргээрээ нийт арилжааны 13 банкнаас 7-д эрэмбэлэгдсэн байжээ. Үүнээс үзэхэд НЖДҮХС-гийн зөвлөл нь зээл эргэн төлөгдөх баталгаагүй, шаардлага хангаагүй банкийг сонгон шалгаруулсан нь хардлага төрүүлж байна.
Нийслэлийн ЖДҮХС ан нь нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг 30,0-500,0 сая төгрөг, хугацаа 5 хүртэл жил, жилийн хүү 5% байхаар тогтоожээ. “Капитал” банк өөрийн баталсан “Нийслэлийн ЖДҮХС-гийн төслийн журам”-аар сонгон шалгаруулалт явуулсан. Нийслэлийн ЖДҮХС-аас 57 иргэн, ААН-д 5.683.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэснээс 55 иргэн, ААН-д 5,6 тэрбум төгрөгийг Капитал банкаар дамжуулан олгожээ. Хамтран ажиллах гэрээ ёсоор сар бүр тооцоо нийлэх учиртай ч “Капитал” банк татан буугдах хүртэл үндсэн зээлийн төлөлтөөр 3,8 тэрбум төвлөрсөнөөс банк 2,5 тэрбумыг шилжүүлж 1,2 тэрбумыг нь авч үлджээ. Банк олгосон нийт зээлийн 81,5 хувь буюу 4,5 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гэрээг гарын үсэг, тамгаар баталгаажуулаагүй байжээ. Хамтран ажиллах гэрээ байгуулсанаас хойш банк татан буугдах хүртэл 52 сарын үндсэн зээлийн төлөлтөөс “Капитал” банк 33 удаад нь хоцроож төлжээ.
2018 оны нэгдүгээр сараас огт төлөөгүй байна. Сан нь сард төлөх үндсэн зээл, хүүгийн төлбөрийг “Капитал” банктай 23 удаа хугацаа хоцроож тооцоо нийлсэн, 9 удаагийн төлөлтийг тооцоо нийлж баталгаажуулаагүй байна. “Капитал” банк үндсэн зээлийн төлөлтийн 81,5 %-ийг баталгаажуулаагүй, сар бүр төлөх зээл, хүүгийн тооцоо нийлэлтийн 61,5 хувийг хэрэгжүүлээгүй, үндсэн зээлийн сар бүрийн төлөлтийн 92,3%-ийг төлөөгүй байхад Сан ямар ч арга хэмжээ авалгүй суусаар байжээ. “Капитал” банк анхнаасаа гэрээний үүргээ зөрчиж, зээлдэгчдийн төлсөн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төвлөрүүлэхгүй байсаар дампуурч улмаар нийслэлийн хөрөнгө үрэгдэхэд хүргэсэн нь цэвэр Сангийн албан тушаалтнуудын хариуцлагагүй гэмээр үйлдэл нэмэр болжээ.