alim.mn | 2024.12.23
Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү ерөнхийлөгч болжээ

Саяхан болсон сонгуулиар Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү эцгийгээ залгамжлан ерөнхийлөгч болжээ. Сонгуулийн төв хороо 40 настай Сердар Бердымухамедов нийт саналын 72.97 хувийг авч, ялалт байгуулсныг зарласан юм.

Сонгуулийн дүн эцэслэн гаралгүй хэд хоносон нь Туркменистаны хувьд ховор сонин үзэгдэл болсон байна. Харин сонгуулийн төв хорооны дарга Гулмырат Мырадов "гадаадад оршин суугаа сонгогчидтой холбоотойгоор саналын хуудас тоолох ажиллагаанд саатал гарсан" гэж мэдэгдсэн.

Туркменистаны хувьд сонгуулийн дүнгээ санал хураалтын маргааш зарладаг уламжлалтай. Тухайлбал 2017 онд эцэг Бердымухамедов дахин сонгогдохдоо 97 гаруй хувийн санал авсныг маргааш нь зарлаж байв.

Одоо 64 настай Гурбангулы Бердымухамедов өнгөрсөн сард парламентын чуулганд үг хэлэхдээ улс орныг залуу үеийнхэн удирдах цаг болсныг хэлж байв. Тэрбээр 2006 онд анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг нас барснаас хойш тасралтгүй ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа.

Сердар Бердымухамедов засгийн газрынхаа шадар сайд зэрэг бусад олон өндөр албан тушаалыг зэрэг хашиж байжээ. Тэрбээр саяхан 40 нас хүрч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших босго шаардлагыг хангасан юм.

Эцэг Бердымухамедов ерөнхийлөгчийн албыг хүүдээ өвлүүлсний дараа тус улсын парламентын дээд танхимыг даргалах гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ