Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр, Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.
ОХУ руу дан импорт хийдэг, манай экспорт маш бага. Гэвч ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй.
Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
-Үнийн өсөлттэй холбоотой ямар арга хэмжээ авч байна вэ?
-Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан.
Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танах талаар Монголбанк мэдээлсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. "Ланд круизер-300" машин гарснаас хойш энэ машиныг худалдаж авахад 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед бид эх оронч байх хэрэгтэй.