
Ардчилсан намынхан АСЕМ-ын төсвөөр тоглож, Ардын нам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг хуваагаад авчихсан хэрэгт холбогдож, шившгээ дэлгэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүүд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг хуваагаад цөлмөсөн асуудал хүрээгээ тэлсээр эрх баригч намын генсек нэр холбогдсон юм. Өнөөгийн эрх баригчид өнгөрсөн 2016 оны сонгуулиар татвар нэмэхгүй, өр нэмэхгүй гэхээс эхлүүлээд олон ч ард түмний чихэнд "цэцэг ургуулсан" хөтөлбөрийг амлаж байсансан. Харин бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш тэд ард түмнээ биш өөрсдийн хамаарал бүхий компанидудаа ЖДҮХС-аас зээл авсан асуудлууд гарч, ард түмнээс амьдрал нь ямар хол тасарсан нь ил болсон. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 50-100 сая төгрөг хүсдэг олон компанийн боломжийг булааж тэрбумтан УИХ-ын гишүүд 950 сая төгрөгөөр тэгшитгэн хувааж авчээ.
Мөн эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн хамаарал бүхий компани энэ мөнгөнөөс хоцорсонгүй. “Тайшир Өргөө” ХХК ЖДҮХС-гаас тэрбум 300 саяын зээл авсан байна. Д.Амарбаясгалан Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оноос ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан намынхнаа нэр холбогдсон 60 тэрбумын гэх асуудлыг эсэргүүцэн, цогтой шударга үгс урсгаж явсан цаг саяхан. Ардын намын шударга генсек харин ард иргэд, жижиг дунд бизнесийг дэмжих зээлнээс ахынхаа компанидаа аваад өгчихсөн хэрэгт нэр холбогдсон. Нэгэнт эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор зарим нэг сайд, УИХ-ын гишүүдээс илүү мөнгө авч, 1,3 тэрбум төгрөг зээлжээ. ЖДҮХС-с 2017, 2018 онуудад онд зээл авсан компаниудын жагсаалтад "Тайшир Өргөө", Агро Технологи Шижирт гэх компаниуд байна. Эдгээр компаниудын тус бүр 30 хувийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан эзэмшдэг гэж хамгийн сүүлд бөглөсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. 2017 онд түүний 30 хувийг нь эзэмшдэг "Тайшир Өргөө" ХХК 375 сая төгрөгийн зээл авчээ. Тэрчлэн хэвлэлийн компани нь 350 сая төгрөг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах зэргээр 350-370 саяар “түүсээр” 1 тэрбум 300 сая төгрөг авчээ. Зарим сайд шиг шууд тэрбумаар нэг компанидаа авалгүй, "жижиглэн жижиглэн" авсан ч Ардын намын генсек Амарбаясгалангийн компаниудын авсан зээл баригдсан билээ.