Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн төлөөлөл саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн, “ХҮН” намын дарга Т.ДОРЖХАНД:
-Нээлттэй сонсгол үр дүнтэй байх ёстой. Үүний тулд тодорхой мэдээлэл өгөх хүмүүсийг оролцуулах ёстой. Эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнийг дууд. Ардчилсан намын удирдлага аль талд байна дууд. Тухайн үед засаг барьж байсан Ерөнхий сайдуудыг дууд. Хуулийн байгууллагын удирдлагуудыг дууд. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорыг дууд. Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан Х.Баттулга, “сахал” Д.Эрдэнэбилэгийг дууд. Улс төрийн хариуцлага тооцох гэж байгаа бол шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд нь ир.
УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:
-Хөгжлийн банкны асуудал шоу хийх сэдэв биш. Монгол Улсын парламент бол хариуцлагатай хүмүүсийг дуудаж авчрах хэрэгтэй. Д.Хаянхярваа Сангийн сайд байхаас эхлэн бондын тухай боссон юм. Үе үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд байсан хүмүүс оролцох ёстой. Мөн үе үеийн банкны захирал, ТУЗ-ын гишүүд оролцох хэрэгтэй шүү дээ. Гудамжинд ярьдаг хүмүүс энд цуглавал би УИХ-ын гишүүн гэж энд суух хэрэг байгаа юм уу. Бүрэлдэхүүнээ зөв болгосны дараа нэг УИХ-ын Түр хороог байгуулъя. Энэ нь олон нийттэй байх ёстой. Тиймээс нэг удаагийн шоугаар асуудал шийдэгдэхгүй. Монгол Улс цаашид хөгжихөд алдаа оноогоо хэлэлцэх хэрэгтэй, холбогдох хүмүүс байх ёстой. Хулгай дээрэм хийсэн хүмүүсээ тогтоож, асуудлыг хэлэлцүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
-Нэгэнт нээлттэй сонсгол хийж байгаа бол оролцогчдын эрхийг тэгш хангах ёстой. Бүх хүн санал бодлоо солилцож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үгийг хэлүүлье. Үгүй бол УИХ-ын гишүүд танхимд үгээ хэлье. Хөгжлийн банкны хамгийн их чанаргүй өр үүсгэсэн нь 1.8 их наядын төлбөрийг төрийн өмчит компаниуд. Аж ахуйн нэгжүүд л гэж байгаа болохоос АСЕМ гэж 250 тэрбумын зардал, 1.8 их наядын өр зээлийг юунд зарцуулав. Үүнийг хэн хариуцах юм. Шоуны шинж чанартай болж байна шүү. Тиймээс төрийн өмчит компаниудын удирдлагуудыг заавал оролцуулъя.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Буруу зориулалтаар зээл авч, завхарлын үүд хаалгыг нээсэн хүмүүс оролцож саад болох шаардлагагүй. Ажлаа явуулах хэрэгтэй. Харин орлогч газрын захирал нар бус дарга нар нь өөрсдөө оролц. Нийгэмд Хөгжлийн банкны талаар янз бүрийн мэдээлэл байна. Үнэн бодит мэдээлэл хийгээсэй гэж хүсч байна. Ж.Бат-Эрдэнэ дарга аа, та ажлаа хий. Хэвлэл мэдээллийнхэн ажлаа хийг. Өмнө нь бид сөрөг хүчин байхад Хөгжлийн банкны тухай асуудлыг ярьж эргүүлээд өөрсдөө балбуулаад дууссан. Мөнгөнд дуртай сэтгүүлчид хөлсөөр очиж мэдэгдэл хийдэг хүмүүсийг татаад оруулсан үйл явдал давтагдаж байна. Иймд хэвлэл мэдээллийнхэн, УИХ-ын гишүүд нь ч үгээ хэлээ ёстой. Харин гомдол бүрийг сонсоод байвал өнөөдөр ажлаа ч дуусгаж чадахгүй байх. Иймээс Ж.Бат-Эрдэнэ дарга та ажлаа явуул, байгууллагын дарга нарыг дууд. Ирэхгүй хүмүүсийг нь өргөдлийг нь аваад явуулна биз.