Хөнжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн эзэн нь олдохгүй байгаа талаар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр АТГ-т өгч шалгуулах шаардлагатай нэр бүхий 19 УИХ-ын гишүүд, улс төрчдийн нэрийг зарлалаа:
Тодруулбал,
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан Ч.Ундармаа
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
- Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар
- Дэд сайд асанЛхамсүрэн
- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр
- Сангийн дэд сайд асан С.Пүрэв
- УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир
- ТЕГ-ын дарга асан Б.Хурц
- Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр
- Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкнаас зээл авсан Сэлэнгийн герефорд компани олдохгүй байгаа. Эзэн нь олдохгүй, баахан үхэр байна. Үүнийг АТГ-т өгч шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Тус компани нь 2018 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярын үед Хөгжлийн банкнаас мах бэлтгэлийн кластерын хүчин чадал сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан ч одоо хүү, алданги нэмэгдээд 5.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт үлдсэн байгаа аж.