alim.mn | 2024.12.22
О.Баасанхүү: Ард түмэн ядуу байхад улс төрийн тоглолт хийхээ болиоч

Өнөөдөр Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Экспорт зогсоод байна. Бараа бүтээгдэхүүний үнэ 70-аас дээш, өргөн хэрэглээний барааны үнэ 140 хувиар өссөн байгаа. Ус, дулаан, цахилгааны үнэ өсөж нийтээрээ ядууралд ороод байна. Энэ асуудлыг Засгийн газар шийдэх ёстой ч харамсалтай нь шоу хийгээд эхэллээ.

Өөрөөр хэлбэл энэ зүйлүүдэд анхаарах анхаарлыг сарниулахын тулд Хөгжлийн Банк нэртэй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлыг оруулж ирж байгаа. Үнэхээр Хөгжлийн Банкны асуудалтай тэмцэх гэж байгаа бол 2020, 2021 оны ажлын тайланг ил гаргах ёстой. Тэгээд бүгдээрээ хэн нь их идсэн бэ гэдгээ ярих цаг болжээ. 

Ц.Элбэгдорж АСЕМ надад хамаагүй гэж бичсэн бол Н.Алтанхуяг би хулгайч биш Ч.Сайханбилэг хулгайч гэж ярьж байгаа хошин шогийг нь харсан.

Х.Баттулга өөрөө юм ярихгүй байгаа ч түүнийг онц хүнд гэмт хэрэгт холбоотойг хэлж байгаа. Энэ хүмүүс яаралтай нэрээ цэвэрлээч. Гэм буруутай, буруугүй юу гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Монгол Улсад төрийн ажил хийж байгаа хүн болгон хулгайч буруутай юм шиг явж болохгүй. 

МАН-ынхан өчигдөр их инээдтэй шоу хийлээ. Ард түмэн ядуу байхад улс төрийн тоглолт хийхээ болиоч гэж хэлмээр байна.

Ипотекийн зээлийн урьдчилгааг сангуудыг эмхэлж, нэг сантай болгосноор төлж өгнө хэмээн МАН 2020 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө амласан. Энэ ажлаа хиймээр байна. Хөдөө аж ахуй, Тариалан эрхлэх сан юу болж байна вэ? Хүүгүй зээлүүд авсан байна. Улс төрд нөлөө бүхий хүмүүс компаниараа дамжуулж зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй.

Сангийн зээлийн асуудлыг ил болгож яримаар байна. Эрх баригчид авлигатай тэмцье гэж байгаа бол Зөрчлийн, Эрүүгийн хуулиа өөрчлөх нь зүйтэй" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ