Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар үнийн өсөлтийг хэлэлцэх юм.
Сангийн сайд Б.Жавхлан "Үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлэн дүгнэх хэрэгтэй. Энэ удаагийн үнийн өсөлт жирийн үеийнхээс эрс өөр. Гадаад нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Махны үнийн өсөлтийг нөөцийн мах гарган, долдугаар сарын 1 хүртэл тогтворжуулна. Махны үнийг одоогийн түвшинд барина.
Үнийн өсөлтийг тогтоон барихын тулд хууль гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага илүү чухал. Бид шатахуун, мах, гурилын үнэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Шатахуунтай байхад компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Шатахууны үнийг тогтооход бид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бид нийлүүлэлтээ тасалж болохгүй тул ААН-үүд татан авалтаа хэвийн үргэлжлүүлэх ёстой. Үүний тулд тэдэнд ямар хэмжээгээр санхүүжилт шаардлагатайг тооцно.
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад мөн анхаарна.
Бид өнөөдөр намын бүлэгт хуулийн төслөө танилцуулахад, дэмжлээ. Энэ долоо хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслөө хэлэлцүүлнэ. Яарах шаардлага бий. Бид энэ асуудлыг нээлттэй ярилцана. Зэвсэгт мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, үнийн өсөлтийн иргэдэд үүрүүлж буй ачааг зөөллөх нь энэ хуулийн зорилго. Энэ хууль богино хугацаанд үргэлжилнэ. Үнийн өсөлт хилийн цаана ч болж байна" гэлээ.