alim.mn | 2025.06.09
Нууц ажиллагаа явуулах гэж байсан үндэслэлээр өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчилжээ

Тагнуулын Ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна. 

Тагнуулын байгууллагаас экстремист үйл ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.

Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн. Үүн дотор бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан. 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснээс байлдааны сум 274 ширхэг байсныг хураан авсан.

Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илрээд байна" гэв.

Мөн тэрээр өмгөөлөгч асан Б.Баасанцогттой холбоотой асуудлаар "Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн дотор Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн. Иймээс түүнийг гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчлаад байна. Энэ асуудлаар прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ