Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газраас энэ сарын 05-нд өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан байна.
- Төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах,
- Жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх,
- Захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний төсөвт өртгийг хуулиар өөрчилжээ. Тухайлбал гэрээний үнийг нэг удаа нэмж өөрчлөх боломжтой байх, Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл арга хэмжээтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй байх, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулах, тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь болгон бууруулах, зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тус тус тогтоожээ.
Мөн барьцааны хугацаа дөрвөн жил байсныг нэг жил болгон, тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдэх талаар хуулийн төсөлд тусгасан гэв. Эдгээр нь ААН-үүдэд ихээхэн ээлтэй заалтууд болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.